Өнөөдөр МАН бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийг 29 тойрогт хувааж, нийслэлийг 9 тойрог, 24 мандат, орон нутгийг 20 тойрог, 52 мандаттай байхаар тохирсон байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 24 мандаттай байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгоно. Тойрог, мандатыг хуваарилахдаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, байршил, засаг захиргаа нутаг дэвсгэрийг харгалзан үзсэн" гэж хэллээ.