Монгол Улсын Үндсэн хуулиас:
Арван дөрөвдүгээр зүйл.
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Арван зургадугаар зүйл. ... 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.
Үндсэн хууль нь нийгмийн амьдралын бүхий л харилцааг зохицуулдаг суурь хууль билээ. Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон "Эрх зүйн боловсрол" академи жил бүр иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах богино хэмжээний нийтлэл гаргадаг уламжлалтай. Эрүүгийн хуулийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад зарим хүндрэл тулгарч буй энэ үед уг асуудлыг ХБНГУ-д хэрхэн зохицуулсан талаар хуульчдад зориулаад ХБНГУ-ын судлаач доктор Верена Клаппштайн болон өмгөөлөгч Яан Коссманн нарын "ЯЛ НЭГТГЭХ АСУУДАЛ" сэдэвт нийтлэлээс хэсэгчлэн орчуулж та бүхэнд хүргэж байна. (Эх сурвалж: https://beck-online.beck.de)
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ: ЯЛ НЭГТГЭХ АСУУДАЛ
ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 54-р зүйл:
- Хэрэв оноох ялуудын аль нэг нь бүх насаар хорих ял байвал нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь бүх насаар хорих ял байна. Бусад бүх тохиолдолд ялыг хамгийн хүнд ялыг нэмэгдүүлэх байдлаар, хэрэв оноох ялууд өөр өөр төрөлтэй байвал хамгийн хүнд төрлийн ялыг нэмэгдүүлэх байдлаар нэгтгэнэ. Ингэхдээ хэрэгтний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг тус бүрийг хамтад нь харгалзана.
- Нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь хэрэг тус бүрийн ялын нийлбэрээс бага байна. Нэгтгэсэн ялын хэмжээ нь хугацаатай хорих ялын тухайд 15 жилээс, мөнгөн торгуулийн ялын хувьд долоон зуун хорин өдрийн орлогын хэмжээнээс ихгүй байна.
- Хорих болон мөнгөн торгуулийн ялыг нэгтгэхдээ нэг өдрийн орлоготой тэнцэх мөнгөн торгуулийн ялыг нэг өдрийн хорих ялд хөрвүүлж тооцно.
ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлээр зохицуулагдсан ял нэгтгэх асуудал нь шүүгчдийн хувьд сорилт болсон сэдэв юм.
Эрүүгийн хуулийн 54-р зүйлийн дагуу ял нэгтгэх нь
I. Үйлдэл тус бүрт тооцох ял болон суурь ялын тухай
Ял нэгтгэхийн гол зорилго нь олон удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь оногдох ялыг шууд нэмэхгүйгээр шударга ял шийтгэл оноох явдал юм. Хамгийн эхний алхам бол гэмт үйлдэл тус бүрт оноох ялыг харгалзан үнэлэх явдал болно. Эрүүгийн хуулийн 53-р зүйлд заасан зарчмыг баримталбал юуны өмнө ял нэгтгэхэд харгалзаж буй үйлдэл тус бүрийн яллах, цагаатгах үндэслэлүүдийг нэг бүрчлэн тогтоож байж ял оногдуулна. Хэрэв нэг гэмт үйлдэл нь нөгөө гэмт үйлдлийн хувьд ял хүндрүүлэх нөхцөл болохоор байвал тэдгээрийг ердийн журмаар ял хүндрүүлэх хүчин зүйл болгон харгалзана.
Ийнхүү үйлдэл тус бүрт оноох ялыг тогтоосны дараа тэдгээрийн нэгээс дээш үйлдэлд бүх насаар хорих ял оноохоор байвал 54-р зүйлийн I-ийн 1-ийн дагуу нэгтгэсэн нийт ял нь бүх насаар хорих ял байна. Энэ тохиолдолд бусад үйлдлийн гэм бурууг ял нэгтгэхэд харгалзаж үзэхгүй. Гагцхүү ялын тодорхой хэсгийг биечлэн эдэлсний дараа ялын үлдсэн хугацааг тэнсэн харгалзах эсэхийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлж болно. Дээрхээс бусад бүх тохиолдолд үйлдэл тус бүрт оноох ялаас хамгийн хүнд ялыг суурь ял болгон сонгоно (Эрүүгийн хууль, 54-р зүйлийн 1-ийн 2-р өгүүлбэр). Жишээ нь гэмт этгээдийн нэг үйлдэлд 1 жилийн хорих ял, дараагийн үйлдэлд 5 жилийн хорих ял оноохоор байвал 5 жилийн хорих ялыг суурь ялд тооцно. Хэрэв хэд хэдэн төрлийн ял оноохоор байвал хамгийн хүнд ялын төрлийг суурь ялын төрлөөр сонгоно. Мөнгөн торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд 54-р зүйлийн III-д заасны дагуу орлуулан эдлүүлэх хорих ял нь ердийн хорих ялаас өндөр тогтоогдох боломжтой боловч хорих ялыг ямагт мөнгөн торгуулийн ялаас хүнд төрлийн ялд тооцдог.
II. Асперацийн зарчим (мөн: хүндрүүлэх зарчим ч гэдэг)
Гуравдугаар алхам бол суурь ялыг хүндрүүлэх замаар ерөнхий нэг ял бий болгох алхам юм. Эрүүгийн хуулийн 54-р зүйлийн I-ийн 2-р өгүүлбэрт суурь ялыг дор хаяж ялын нэг нэгжээр хүндрүүлэхийг журамласан. Ялын нэг нэгж нь нэг жил хүртэл хугацаатай хорих ял болон баривчлах ялын тухайд нэг долоо хоног (39-р зүйлийн 1), нэг жилээс дээш хугацаатай хорих ялын тухайд нэг сар (39-р зүйлийн 2), мөнгөн торгуулийн ялын тухайд 1 тооцооны нэгжээс (яллагдагчийн 1 өдрийн орлогын түвшин) багагүй байна (40-р зүйл). Ялыг хүндрүүлэх байдлаар ерөнхий нэг ял бий болгохдоо ялын төрлийг хүндрүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл суурь ял нь мөнгөн торгуулийн ял байвал түүнийг хорих ял болгон хүндрүүлж болохгүй. Дээрхи жишээн дээр ярихад, суурь ял болох 5 жилийн хорих ялыг багаар тооцоход 5 жил 1 сарын ял болгож хүндрүүлнэ.
Ялыг хүндрүүлэхдээ 54-р зүйлийн II-т заасан туйлын болон харьцангуй дээд хязгаарыг баримтална. Хамгийн эхний зарчим бол нэгтгэсэн ялын хэмжээ нь гэмт үйлдэл тус бүрт оноох ялын нийлбэрээс бага байна (54-р зүйлийн II-ын 1). Өөрөөр хэлбэл нэгтгэсэн ял нь үйлдэл тус бүрт оноох ялын нийлбэрээс ядаж нэг нэгжээр доогуур байх ёстой гэсэн зарчим бий. Нэг талаас суурь ялыг заавал хүндрүүлэх шаардлагыг хангах, нөгөө талаас ялын зөвшөөрөгдсөн дээд хязгаарыг баримтлах шаардлагатай байдаг. Түүнээс гадна 54-р зүйлийн II-ын 2-т ялын үнэмлэхүй дээд хязгаарыг зохицуулсан. Хорих ялын тухайд арвантаван жил, мөнгөн торгуулийн ялын тухайд 720 өдрийн орлогын түвшингээс хэтэрч болохгүй. Хэрэв суурь ял нь эдгээр үнэмлэхүй хязгаарт тулбал түүнийг хүндрүүлэхгүй.
III. Ял оногдуулах суурь зарчим (Эрүүгийн хууль, 46-р зүйл)
Ял нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд ялыг суурь зарчмынх нь дагуу хэрхэн оногдуулахыг 54-р зүйлийн I-ийн 3-д заахдаа гэмт хэрэгтний хувийн байдал болон үйлдэл тус бүрийг тус тусад нь үнэлж дүгнэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлд заасан зарчмаар ялыг тооцохоор заасан. Энэ утгаараа ял нэгтгэх үйл ажиллагаа нь хоёр үе шаттай байдаг. Ял нэгтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд болон үйлдэл тус бүрийн онцлогийг харгалзах шаардлагатай тул ялыг шууд математик аргаар өөр хооронд нь нэмж тооцохыг хориглодог. Ял хүндрүүлэх ижил нөхцлийг давхардуулан үнэлэхийг зарчмын хувьд хориглоно.
IV. Давж заалдах
Давж заалдах шатанд олон үйлдлийн дотроос зөвхөн аль нэг үйлдэлд хамаарах нотолгоог хүчингүй болгосон тохиолдолд бусад үйлдэлд оноосон ялд хамаарах нотлох баримтууд хэвээр хадгалагдана. Ял нэгтгэх шийдвэр нь бие даасан актад тооцогддог. Иймд үйлдэл тус бүрт оноосон ялыг хөндөхгүйгээр гагцхүү ял нэгтгэсэн шийдвэрийн эсрэг тусад нь давж заалдах гомдол гаргаж болно. Ял нэгтгэсэн шийдвэрийн эсрэг гомдлыг яллагдагч тал эсхүл түүний эрх ашгийн төлөө бусад этгээд гаргах тохиолдолд нэгтгэсэн ялын хувьд төдийгүй үйлдэл тус бүрт тооцсон ялын хувьд reformatio in peius (дордуулахыг хориглох) зарчмыг мөрдөнө (ЭБШХ-ийн 331, 358-н II).
V. Шүүхийн шийдвэрийг боловсруулах
1. Шийдвэрийн тогтоох хэсэг (тенор) Шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн нэгтгэсэн ерөнхий ялыг бичдэг. Үйлдэл тус бүрт нь тооцсон ялыг гагцхүү шийдвэрийн үндэслэл хэсэгт (заавал) дурдана. Нэгтгэсэн ерөнхий ял нь хорих ял байлаа ч зарим үйлдэлд мөнгөн торгуулийн ял оноохоор байвал хэмжээг нь заадаг. 2. Шийдвэрийн үндэслэл хэсэг Шийдвэрийн үндэслэл хэсэгт үйлдэл тус бүрт оноосон ял болон нэгтгэсэн ялыг хэрхэн тогтоосон үндэслэлийг нэг бүрчлэн тайлбарлана. Ингэхдээ тухайн ялыг тогтоосон гол үндэслэлүүдийг дурдана. Ялыг тэнсэн харгалзах тохиолдолд зөвхөн нэгтгэсэн ерөнхий ялын үндэслэлийг бичнэ. Суурь ял болон нэмэгдсэн ялын зөрүү хэт их, эсвэл бага байх тохиолдлын аль алинд үндэслэлийг тодорхой заана.
Web: https://mongolia.hss.de/mn
Facebook: https://www.facebook.com/HSFMo...