Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч хамт олон хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын одоогоос 35 жилийн өмнө тухайн үеийн УАДБЧ-ын үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн удиртгал хөгжим “Сэрсэн тал” бүтээлийн 35 жилийн ойг тэмдэглэхээр үзэгч, сонсогчдоо урьж байгаа юм. 1984 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойн хүрээнд МҮЭСТО-д зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтын найруулагч Н.Жанцанноров тусгайлан уран бүтээлийн анд нөхөр Б.Шаравт захиалж бичүүлсэн аж. Зохиол бэлэн болоход хүндэтгэлийн тоглолтын удирдаач маэстро, Ардын жүжигчин Ж.Чулуун, тоглолтын найруулагч Н.Жанцанноров нар үндэсний найрал хөгжимд тоглуулан хянан сууж, анхааралтай сонсож байж. Тэр мөчид найруулагч “Үгүй, энэ чинь “Сэрсэн тал” гэдэг бүтээл болсон байна шүү дээ” гэж таалан хүлээж авснаар хөгжмийн уг зохиол ийм нэртэй болсон түүхтэй ажээ. Зохиолч уг нь өөрөөр нэрлэсэн ч, тэр тоглолтоос хойш хаана, хаанаа “Сэрсэн тал” гэх болж, хөгжмийн зохиолч ч хүлээн зөвшөөрчээ.
ҮУИТ-ынхан энэ сарын 25-нд тэмдэглэх 35 жилийн ойн тоглолтоор хөгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн томоохон бүтээлүүдийн зэрэгцээ мэргэжлийн дуучдын хэн нь хэн бэ гэдгийг шалгадаг “Сонин хангай”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” гэх зэрэг “том” дуунуудаас дээжлэн хөтөлбөрт багтаажээ. Тоглолтын эхний хэсэгт тус театрын үндэсний найрал хөгжимдөнө. Б.Шаравын ятгын концертыг Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ гоцлон хөгжимдөх юм байна. Дараагийн хэсэгт өнөө цагийн дуурийн шилдэг дуучид Б.Шаравын дууны уран бүтээлүүдээс үзэгч, сонсогчдод хүргэнэ. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой бүтээл нь хөгжмийн зохиолчийн хүндээр өвдсөн үедээ зохиосон “Хөгжим ба нулимс” романс байх болов уу. Уг дууг алтан пянзных нь нээлтээр Гавьяат жүжигчин Э.Анхбаяр анхлан дуулсан. Ойн тоглолтоор хоёр дахиа л үзэгчид хүлээж авах аж.