Улсын филармонийн уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяртай ярилцлаа. Морин хуурч, Морин хуурын чуулгын анхдагчдын нэг тэрбээр энэ албыг тав дахь жилдээ хашиж байгаа юм.
-Танайх уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтээ энэ сарын 22-нд хийнэ. Зарим үзэгч оройтож байна гэж шүүмжилсэн. Та санал нийлэх үү?
-Хамтарч ажилладаг байгууллагуудын ажлын шаардлага, тухайлбал Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам зэрэг манайх оролцохгүй бол болохгүй ажлуудаас болоод нэг сарын хойно нээх гэж байна. Өмнө нь үргэлж аравдугаар сарын 15-нд, эсвэл нэг, хоёр өдрийн цаана товлож өвөл цагийн ч гэж ярьдаг, уран бүтээлийн улирлаа нээж байлаа. Цаашид ч энэ дэгээрээ явна. Шүүмжлэлийг хүлээж авлаа.
-Симфони найрал хөгжмийн хэдхэн хоногийн өмнө үзэгч, сонсогчдод хүргэсэн “Шилдэг удиртгал хөгжим” тоглолт маш сайн болсон тухай хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг бичжээ. Ялангуяа бүтээлүүдийн сонголт сайн гэсэн. Манай улсад тавьж байгаагүй дууриудын удиртгал хөгжмүүдийг хөтөлбөрт багтааж. Дэлхийн дуурийн “их аварга” ч гэж болохоор Р.Вагнерын “Лоэнгрин” дуурийн удиртгалыг таалаад нулимсаа арчиж суусан үзэгч байлаа. Симфони бүтээлийн сонголтыг удирдаач өөрөө хийдэг үү?
-Симфони бүтээлийг удирдан тоглуулах маэстрогийн сонголт чухал. Түүний нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг Уран сайхны зөвлөл хэлэлцэж батлаад, төлөвлөгөөнд тусгадаг. “Шилдэг удиртгал хөгжим” тоглолтыг манай ерөнхий, маэстро Д.Нямдаш удирдаж үзэгчдэд хүргэсэн. Улсын филармони бол хөгжмийн, концертын байгууллага. Бидний зорилго бол хөгжим тоглох, сайн зохиосон хөгжим сонсох оюуны хэрэгцээтэй хүмүүсийн хүсэлт, эрэлтийг хангах. Мөн олон нийтэд хөгжмийг, энэ урлагийг сурталчилж, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлжуулах үүрэгтэй. Төрийн энэчиглэлийн бодлогыг хэрэгжүүлэгчид юм. Тийм ч учраас сайн тоглолт, концерт төлөвлөж, бэлтгэл сургуулилалтыг сайтар базааж, товлосон өдрөө тоглодог. Мэдээж менежмент, маркетингтай ажилладаг. Гэхдээ орлогын хойноос төдийлөн хөөцөлддөггүй. Өөрөөр хэлбэл, тасалбар шахдаггүй. Хөгжим сонсох дуртай, хэрэгтэй хүмүүс нь ирээд үздэг. Хүрээд ирэхэд нь маш сайн тоглолттой байвал л боллоо. Саяхан болсон “Шилдэг удиртгал хөгжим” ийм л нэг ээлжит тоглолт байлаа. Цаашид ч энэ хүрсэн түвшиндээ ажлаа авч явах болно.
-Үзэгчдийн тоо нэмэгдсэн байна лээ. Шинэ бүтээлийн концертын мэдээлэл хүлээж байдаг болжээ.
-Тийм ээ. Нэг удаа ирсэн үзэгч дараагийн тоглолтыг заавал үздэг. Найз нөхдөө дагуулаад ирнэ. Энэ л бидний ажлын үр дүн юм даа.
-Улсын филармони гэдэг айл хэр олуул вэ?
-Симфони найрал 70 хөгжимчний бүрэлдэхүүнтэй, Морин хуурын чуулга, “Баян Монгол” жааз найрлынхантай нийлээд нийт 150 гаруй уран бүтээлч, захиргааны 20-иод ажилтантай.
-Дундаа ганц тайзтай.
-Тийм. Бас түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг.
-Хэдий болтол ийм байх юм бол?
-Мэдэхгүй. Манай байгууллагын зүгээс олон жилийн өмнөөс концертын танхим, тайз хангалтгүй байна, улс юм чинь Филармонио тусад нь байртай болгооч, дэлхийн түвшинд тоглодог хөгжимчид, мөн тэр хэрийн оюуны бядтай үзэгчидтэй болсон, зохих концертын танхимтай болъё гэж соёл, урлагийн асуудал хариуцсан яамаар дамжуулж төр, засагт уламжилж ирсэн. Арга хэмжээ авдаггүй. Одоо бол Дуурийн, Драмын театрын барилгыг шинэчлэх, нураах, эсэх сэдэв давамгайлаад, манайхыг бүр мартсан. Гурван чуулга дундаа ганцхан жижиг тайзтай, 260-хан суудалтай болохоор шинэ бүтээлийн тоглолтоо дор хаяж хоёр тасалж хийдэг. Олон үзэгчид хүргэхийн тулд Соёлын төв өргөө, “Корпорэйт”-ын тайзыг авна, түрээс төлнө. Ажлын нөхцөлийн талаар асуувал хариулах хэцүү л байна.
-Асууя л даа.
-Тэр бүр яриад, асуудал босгох нь ховор. Манай 150 гаруй уран бүтээлч 12 өрөөнд багтаж байрладаг. Тэр өрөөнүүдийн найм, ес нь 3:5 метрийн багтаамжтай. Нэг хүнд ногдох талбайн хэмжээ гэх зэрэг, наад захын стандарт байдаггүй. Нийтийн хэвлэлд ингэж ярихаас зовмоор. Өөр юм ярьсан нь дээр.
-Орхиж болохгүй сэдвийг хамтдаа хөндсөөр байя. Танайх уран бүтээлийн шинэ улирлын нээлт хийхээс өмнө хэд хэдэн томоохон тоглолт үзэгчид, сонсогчдод хүргэлээ шүү.
-Тийм ээ. Энэ онд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, “Зууны манлай” хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргасны дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд дор бүрнээ хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилаас үзэгч, сонсогчдодоо хүргэсээр байна. Манайх мөн адил Л.Мөрдоржийн дан хөгжмийн бүтээлийн тоглолт хийсэн. “Миний эх орон” симфонийнх нь I анги, хийл хөгжимд зориулсан гоцлол “Уянгын сонат”, “Аз жаргалын минь эх орон” хэмээх симфони зураглал, “Хангайн дуу”, ёочин хөгжимд зориулсан гоцлол, “Анхны алхам” киноны “Хунгийн дуу”, “Алтан өргөө” киноны хөгжмийн хэсгээс гэхчлэн бүтээл тоглож, дууллаа. Үзэгчид олноор ирсэн. Зохион байгуулалт талд “Мөрдорж” сантай хамтарсан. “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой боллоо. Уламжлалт “Алтан намар” хөгжмийн наадамд тоглолоо.
-“Алтан намар” хөгжмийн наадмаар улсын санд худалдаж авах том хэлбэрийн бүтээлүүд шалгаруулдаг хэвээрээ юү?
-Хэвээрээ. “Алтан намар” их сайхан хөгжмийн наадам байсан. Гэтэл энэ шалгаруулалттай давхацуулдаг болсноор наадам гэх хэцүү, уралдаан ч юм шиг болсон. Бас манай ажилтай давхцах нь хэцүү. Үүнийг болиулах талаар зохих газартай ярилцаад байж байна. Нэг шийд гаргана гэж горьдож байна.
-Хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд төрүүлбэл, сайн болбол улсад худалдаж авдаг болохоор хөгжмийн зохиолчид богино, зохиомж, найруулга талаасаа хөгжимчний ур чадварыг шалгасан, маш тодорхой өгүүлэмжтэй зохиолууд төдийлөн бичихгүй хэвээр. Хөгжимчдөд тоглох сайн монгол бүтээл ховор юм. Та юу гэж хэлэх вэ?
-Хөгжмийн зохиолчид том хэлбэрийн бүтээл туурвиж, журмын дагуу улсын санд худалддаг. Яам шалгаруулж авдаг. Мөнгө өгдөг. Гагцхүү тэр бүтээлүүд хогийн саванд хаясан мэт алга болдог нь харамсалтай. Хөгжмийн зохиолчдын бүтээн туурвих ажлыг дэмжиж байгаа нь сайн хэрэг ч, оюуны асар их потенциаль, мэдлэг, чадвараа шингээж гаргасан зохиолуудыг нь үзэгч, сонсогчдын хүртээл болгодоггүй. Манай байгууллага зориуд шахам “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл” хэмээн нэрийдсэн тоглолт санаачилж, ганц нэгийг нь тоглуулж, сонсгохоос цаашгүй. Хааяа хөгжмийн зохиолчид өөрсдөө уран бүтээлийн тоглолт хийх юм уу, эсвэл бусад концертын үеэр бүтээлээ тоглуулах гэж хичээдэг. “Оркестрын боломж, бололцоо юу байна” гэх зэргээр хувийн журмаар асууж, хөөцөлдөж явдаг. Үндсэндээ манай улсад урлаг, соёлын талын ажил, арга хэмжээ тохиролцооны маягтай явагдах юм. Хэзээ болих юм бүү мэд. Мэргэжлийн хөгжмийн урлагийн хүрээнд лав бодлого алга.