Эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат Казахстан улсын Павлодар хотод болж буй тус улсын Засгийн газраас зарласан, Ардын жүжигчин Рустембек Омаровын нэрэмжит шилдэг удирдаачдын анхдугаар уралдаанд оролцож буй юм. Тэрбээр казах түмний хүндэт маэстро, Казахстаны үндэсний найрал хөгжмийн ерөнхий удирдаач Талгат Каримовын удирдлагаар шинэ бүтээлээ тоглоно. Тодруулбал, бүргэдчин охин Айшолпан Кургайынкызын амьдрал, хүсэл мөрөөдлийг хөгжмөөр илэрхийлсэн бүтээл туурвиснаа тус наадамд анхлан тоглуулах болжээ. “Бүргэдчин охин”-ы зэрэгцээ Италийн алдарт хөгжмийн зохиолч Витторио Монтийн “Чардаш” хэмээх хэмнэл түргэн, аялгуу тансаг бүтээлийг үзэгч, сонсогчдын хүртээл болгох аж.
Хөгжимчин, хөгжмийн зохиолч, мэргэжлийн хөгжимчдийн EB нэгдлийн ахлагч, “Бөртэ” хамтлагийн гишүүн түүнээс тус улсын мэдээллийн сайтынхан ярилцлага авч, орос хэлээр түгээсэн байна. О.Чинбат эвэр бүрээ хөгжмөө “магтаж”, үхрийн эврээр урласан монгол үндэсний хөгжмөөр дэлхийн сонгодог, зохиомжийн хувьд ярвигтай бүтээлийг ч тоглож болох талаар өгүүлжээ. “Одоо л хийж бүтээдэг цаг. Ямар ч ажлын ард даваад гарах ухаан зарцуул” хэмээн өөртөө “зарлиг” буулгаснаа хэлсэн залуу уран бүтээлч тун эрэлттэй продюсер болоод буй билээ.