Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, “Улаан цутгалан” хүрхрээ, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр, 15.45 минутын орчимд.
Хүрхрээний өмнүүр хөндлөн татсан утсан дээгүүр гартаа balancing pole буюу тэнцвэрийн труба барихаас өөрөөр ямар нэгэн хамгаалалт, бэхэлгээ хийгээгүй, гагц өөрийн чинхүү зориг, туршлагад найдан алхах нэгэн эрийг нутгийнхан болоод амарч зугаалж яваа иргэд, жуулчид, ар гэрийнхэн, анд нөхөд нь амьсгаа даран ажих аж. Хүрхрээний нүргэлэх чимээнд хүмүүсийн яриа бараг сонстохгүй, нөгөөтээгүүр хүмүүс ч түүний анхаарлыг сарниулах дуу чимээ гаргахыг үл хүснэ. Тэрхүү утсыг 25 метрийн өндөрт, ямар нэгэн хөдөлгөөн үүсэхгүй байхаар тооцоолж, чанга гэгч нь татаж тогтоосон бөгөөд 15 мм-ийн диаметртэй 100 метр урт утасны 55 орчим метр нь мөнөөх эрийн алхах зам болжээ. Түүнийг замынхаа тэг дунд ирэх үест нэг хөл нь хий гишгээтэхэв...
Наймдугаар сарын 9-ний өглөө Улаанбаатараас 6.00 цагт хөдөлсөн машин цуваа аажуу уужуу явсаар оройн 19.00 цагт хүрхрээн дээр ирэв. Хүрхрээ тийш нэг зорилго өвөрлөн ирсэн багийнхны нэг хэсэг нь майхнаа барьж, хоол ундаа бэлтгэх зуур нөгөө хэсэг нь гол ажилдаа шамдан орлоо. Монголын циркийн дөрвөн үеийн аюулгүйн техникчид болох Г.Батбаатар, Х.Ганболд, Б.Эрдэнэтогтох, Б.Золбаяр нараас гадна энэхүү үйл явдлын гол эзэн М.Мягмарсайхан, түүний дотны анд А.Чүвсэнсэнгээр ахлуулсан баг газраа шинжиж, утсаа хаанаас хаа хүртэл татах, хэрхэн бэхэлж тогтоох талаар ярилцаж, зэхэж авчирсан мулдок, хонгио өрмөөрөө хүрмэн чулууг хэдэнтээ цоолсон боловч троссон утсаа тогтоох нөхцөл тун бага байв. Ингээд цоолсон нүхнүүдээ бөглөчихөөд дахин ярилцав. Тэгтэл, Мягмарсайханг циркийн урлагт өлгийдөж авсан багш Батбаатар нь нэгэн санаа гаргажээ. Энэ нь, хүрхрээний баруун талд он удаан жилийн нар, салхи, хүний хөлийн элэгдлээр үүссэн хавцал руу троссоо оруулан, хад ороож бүслэн гаргаж ирээд, чагталж гагнасан хоёр гадасны голоос бэхлэх тухай юм. Нөхөд нь үүнийг хэд хэд туршиж үзээд “болох юм байна” гэсэн нэг дүгнэлтэд хүрэв. Ахмад хүний арга ухаан гэдэг ийм л мэргэн. Тэд ийн шийдээд отог руугаа буцахад аль хэдийнэ бүрэнхий болжээ. Маргааш өглөө нь 6.00 цагт босч цай ундаа ууцгаагаад 6.45-д Улаан цутгалан дээр ирэв. Мягмарсайхан энэхүү чанга утасны үзүүлбэрээ 11-ний өдөр хийхээр төлөвлөж байсан боловч тухайн өдрийн цаг агаар тогтворгүй, бороотой байх магадлалтай байсан тул 10-ны өдөр болгож өөрчилсөн юм. Түүнээс гадна наймдугаар сарын 15-нд болох отгон охиныхоо нэг насны төрсөн өдрийг угтаж үзүүлбэр хийх шийдвэртээ бат зогссон тул хоног хугацаа алдахыг ч хүссэнгүй. Багийнхан аппарат хэрэгслээ тавиад дуусахад цаг хэдийнэ 15.15-ыг заажээ. Энэ өдрийн бэлтгэл ажлыг хангахад бүтэн 10 цаг шаардагдсан бол дараа нь буулгахад ердөө хоёр цагийн л ажил болжээ. Аппарат хэрэгслээ зоох бүхий л ажиллагаанд гар бие оролцсон Мягмарсайханд утсан дээр алхахаас өмнө хувцас хунараа сольж, нүүр гараа угаахаас өөр амрах цаг гарсангүй. Тэр талаар ч бодох сөгөөгүй, гол үзүүлбэртээ л бүрэн анхаарал хандуулсан байлаа.
Мягмарсайхан энэ өдрөөс сар гаруйхны өмнө “Улаан цутгалан”-г анх удаа үзэхээр ирээд, “дараа жил утас татаж алхана” хэмээн төсөөлж, төлөвлөжээ. Тэгээд энэ тухайгаа найз Чүвсэнсэнгэдээ сонирхуулж хэлтэл “Юмыг хойшлуулдаггүй юм, хэдүүлээ зүтгээд үзье” хэмээн хурцалснаар энэ бүхэн эхэлсэн аж. Монголд байгалийн үзэсгэлэнт газар чанга утасны үзүүлбэр үзүүлсэн анхны тохиолдол бол энэ. Олон улсад үүнийг skywalk, highwire хэмээн нэрлэх бөгөөд мэргэжлийн уран бүтээлчид гол төлөв өндөр уулс, байшин барилгын хооронд утас татаж үзүүлбэрээ үзүүлдэг. Мягмарсайхан 1991 онд циркийн урлагт хөл тавьж, акробатын жүжигчнээр ажиллаж байгаад 2005 оноос швейцарын жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилтын эзэн Фредди Ноктой хамтран амь дүйсэн үзүүлбэрүүд үзүүлэх болжээ. Түүнд чанга утсан дээр хэрхэн алхахыг А-гаас эхлэн заасан хүн бол Фредди юм. Мягмарсайхан Швейцарт ажиллаж байхдаа өдөр бүр хоёр удаа 10 метрийн өндөрт ямар ч хамгаалалтгүйгээр таван минутын үзүүлбэр үзүүлдэг байв. Циркийн манежнаас гадна задгай талбайд 15, 30, 40 метрийн өндөрт, шөнийн харанхуйд нуруундаа салют зүүгээд, хотын баяр, хөлбөмбөгийн тэмцээний үеэр утсан дээгүүр алхсан нь ч бий. Гэвч хамгийн сүүлд 2009 онд л ийм өндөрт үзүүлбэрээ үзүүлжээ. Ялангуяа сүүлийн хоёр жил циркээс хөндийрсөн байснаа энэ жил Швейцарт дахин гэрээт жүжигчнээр гурван сар ажилласнаар циркийн урлагтаа эргэн хөл тавьжээ.
Энэ зун монголын бүх орон нутгаар хур тундас ихтэй байсан. Тиймээс, Улаан цутгалангийн ус сар гаруйн өмнө очсоноос хавьгүй ихээр нэмэгджээ. Мягмарсайхан хэдийгээр хүрхрээн дээгүүр явж байсан туршлагагүй ч, хүрхрээний дэргэд 10-аад цаг ажиллахад нүд, чих нь дасч, нэг ёсондоо бие нь бэлтгэгдсэн байна. Тэрбээр энэ жил 40 хүрсэн. Бие махбод нь залуу үеийнх шигээ хөнгөн шингэн биш ч чанга утасны үзүүлбэрээ олон жил хийсэн учраас эргэлзэж тээнэгэлзэх явдал өчүүхэн ч байсангүй. Өглөөнөөс эхэлсэн утас татах ажиллагаа тэндхийн хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, зарим нь бүр уг үзүүлбэрийг үзэхээр хүрхрээн дээр хэдэн цаг хүлээжээ. Циркийнхэн энэхүү үзүүлбэрийг үзүүлэхийн тулд Бат-Өлзий сумын Засаг дарга, байгаль хамгаалагчдаас зохих ёсны зөвшөөрөл авсан байна.
... Мягмарсайханы хөл алдахыг харсан хүмүүс нэгэн зэрэг уулга алдав. Тэгтэл тэр юу ч болоогүй юм шиг утсан дээгүүр үргэлжлүүлэн алхах бөгөөд доош унах тухай өчүүхэн ч бодол толгойд нь байсангүй. Хашир туршлагатай циркчний хувьд тэнцвэр алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авахаа тэр мэднэ. Харин түүний хөл алдсан нь хүмүүсийн адренилинийг ялгаруулах гэсэн бяцхан жүжиглэлт байсныг ар гэрийнхэн нь болон циркийн урлагийнхан л таамаглаж дөнгөсөн болов уу. Үл ялиг салхийг эс тооцвол энэ өдрийн тэнгэр гайхам сайхан байлаа. Үд хэвийхээс нар гудайх үеийн заагт “тэнгэрт” алхаж явахдаа Мягмарсайхан урьдын адил өөртөө “Мийгаа тайван, яарахгүй, тайван” гэж хэлээд, их усны унах хүчтэй чимээн дундуур утасныхаа урд үзүүрийг л харж явлаа. Хэрэв тэр чанга утасны үзүүлбэрээ циркт хийж байсан бол утсан дээр гүйх, бүжиглэх, дээс тоглох, хамтран тоглогчийнхоо бие дээгүүр харайх, цагариган дундуур үсрэх гэх мэт үзүүлбэрээр баяжуулах байсан нь гарцаагүй. Гэвч байгальд, өндөр утсан дээр тэдгээрийг үзүүлнэ гэдэг хэтэрхий амь дүйсэн хэрэг билээ. Энгийн хүн утсан дээр алхах битгий хэл хүрхрээний хавцал руу ойртохоос ч зүрхшээдэг шүү дээ. Мягмарсайхан энэ замаа туулахдаа хоёр минут орчмын хугацааг зарцуулав. Түүнийг бууж ирмэгц ойр тойрныхон нь баяр хүргэн, дийлэнх нь баярын нулимстай угтсан юм. Хүмүүсийн баярласан сэтгэл түүний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт, хөдөлгөгч хүч нь болдог билээ. Урьд нь нөхрийнхөө үзүүлбэрийг швейцарын циркийн манежин дотроос л харсан эхнэрт нь, аавынхаа өндрийн үзүүлбэрүүдийг видео бичлэгээс л үзэж байсан хүүхдүүдэд нь ч үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж, баяр бахдал төрсөн биз ээ.
Мягмарсайхан 18 настайдаа МУСТА болж, “Монголын циркийн нэвтэрхий толь”-д “Хамгийн өндөрт үзүүлбэр үзүүлсэн жүжигчин” хэмээн тэмдэглэгдэж байсан бол энэ удаагийн үзүүлбэрээрээ Монголын циркийн урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Гэхдээ тэр рекорд эвдэх гэж, басхүү өөртөө бардаж үүнийг хийсэнгүй. Гагц өөртөө, үр хойчдоо гайхам сайхан дурсамж бүтээх гэж л явсан нь энэ. Түүний дараагийн үзүүлбэрүүд монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар үргэлжлэх бөгөөд жагсаалтын эхэнд Чулуутын хавцал, Хэрмэн цав бичигдээд буй.
Ц.Гүндэгмаа