УДЭТ-ын хамт олон энэ оны гуравдугаар сард Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драм, зургадугаар сард Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгийг тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин гурав дахь уран бүтээл болох “Надтай үлдээч” жүжгийг энэ сарын 6-нд толилуулна.
Жүжгийн зохиолыг зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгс бичсэн бөгөөд залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж байгаа аж. Мөн жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Гол дүрд МУСТА Б.Шинэбаяр, Д.Асардарь нар тоглох бол бусад дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА О.Гэрэлсүх, МУГЖ Г.Урнаа, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл, Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглох аж.
Аливаа бүтээлч бүтээлээ өөрөөсөө холдуулж үгүй бол өөртэйгөө холбож бичдэг билээ. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч “бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн” болохыг онцлон хэллээ. Хайр дурлал, үерхэл, нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх уг бүтээлээр дамжуулан хүүхэд залуусыг бие хүн болж төлөвшүүлэхийг зорьсон байна.
Э.Булган