- Учрах хувь тавилан байдаг бол уулзах л ёстой -
А.Чингүнийг үзэгчид “Норовын намтар” жүжгийн гол дүр бүтээснээр нь андахгүй. УДЭТ-ын босгыг даваад 10 жил болсон эл уран бүтээлч “Тэмүүжин”, “Харц хатан”, “Оролмаа эх”, “Жаргаагүй нар” зэрэг нэлээд хэдэн жүжгийн гол дүрд тоглосон. Жүжигчнээс гадна театртаа тайз засагч, маркетингийн менежер, туслах найруулагчаар ажилласан тэрбээр УДЭТ-ын шинэ уран бүтээлийг найруулах сургийг өнгөрсөн хавар сонссон юм. Түүнээс хойш чих тавьсаар “Надтай үлдээч” уянгын жүжгийг олны хүртээл болгохоор зэхэж буй талаар нь мэдэв.
УДЭТ-ын уран бүтээлчид “Надтай үлдээч” жүжгийг энэ сарын 6-наас үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Жүжгийн зохиолын санааг А.Чингүн гаргаж, О.Элбэгтөгстэй хамтран бичсэн байна. “Залуусын хайр сэтгэлийн тухай боловч өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг тусгасан жүжиг найруулах сан гэж нэлээд удаан бодож явсан. Ингээд О.Элбэгтөгстэй ярилцаж, өнгөрсөн нэгдүгээр сард зохиолоо бэлэн болгосон. УДЭТ-ын удирдлага залуу уран бүтээлчдээ дэмжин, бие даан ажиллах боломж олгосонд баяртай байна” гэж найруулагч хэлсэн.
“Надтай үлдээч” жүжгийг үзэгчдэд хүргэхийнх нь өмнө уран бүтээлчдийн сургуулилалтыг сонирхлоо. Биднийг очиход тус жүжгийн хамт олон дотоод хяналт хийлгэх буюу УДЭТ-ын уран сайхны удирдагч, бусад найруулагчид үзүүлэхээр бэлдэж байв. Найруулагч А.Чингүн “Технихчид гэрлээ хаана унтраахаа тэмдэглэж аваарай. Дууны инженерүүд үг, аяа зөрүүлэхгүй шүү. Өчигдөр бид сайн байсан. Өнөөдөр яг л тэгж ажиллана шүү. Жүжигчид хувцсаа бүрэн өмсөөрэй. Оёдолчдод хэлж өөртөө яг тааруулаарай” гэхчлэн заавар өгч байв.
Жүжгийн тайзыг их өвөрмөц засжээ. Эхний үзэгдэлд жирийн нэг айл, дараагийнхад шувууны тор, тэр ч бүү хэл шорон ч гэмээр харагдана. “Үзэгчид минималист хандлагатай болж байна. Түүнчлэн бид техник, технологийн эрин зуунд амьдарч байна. Үзэгчдийн сонирхлыг татахын тулд бид техник, шинэ технологи ашиглан сонирхолтой шийдэл харуулах хэрэгтэй” гэдгийг уран бүтээлчид дурдлаа.
Тов хийтэл тохижуулсан дөрвөн өрөө байр ажээ. Хосбаяр буйдан дээр хувцастайгаа, хагас суугаа байдлаар унтана. Энэ үед Нандин гутлаа барьсаар буйдан руу ойртож, Хосоог хараад зогтусав. Австралид сурч, ажиллаж байгаад эх орон, гэр бүлээ санан нутагтаа ирсэн Нандин тасарч унатлаа архи уучихаад танихгүй айлд, зүс үзээгүй залуутай сэрж буй нь энэ. “Надтай үлдээч” жүжгийн үйл явдал ийн өрнөнө. Эл жүжгийн гол дүр Хосбаярт УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглож байна. Театрын урлагт дурлагчид түүнийг У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”-ын Нацагдоржийн дүрийг бүтээснээр нь эчнээ танина. Тэрбээр оноогдсон дүрийнхээ тухай “Яагаад ч юм энэ дүр надад их ойр. Хүлээцтэй, өр нимгэн залуу. Жүжгийн зохиолыг анх уншаад л миний амьдралд ийм явдал тохиолдсон бол яг л ингэх байсан даа гэж бодсон, бас төсөөлсөн. Энэ жүжгээр хайр сэтгэл, зовлон гуниг, өнөөгийн залуусын буруу хэвшил, хандлагыг харуулахыг зорьсон” гэлээ.
Жүжгийн удаах үзэгдэл Хосоогийн гэрт үргэлжилнэ. Хосоо хүнд зодуулчихсан, гэр нь ундуй сундуй. Зурагтын мэдээ, цахим орчны худал мэдээнд тархиа угаалгасан Тогтох ганц охин Нандингаа Хосоотой байгааг мэдээд ийн авирлаж, шогложээ. Нандингийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Д.Асардарь “амьдарна”. Тэрбээр “УДЭТ-ын босгыг давснаас хойших анхны гол дүр. Найруулагч надад энэ дүрийг оноохдоо “Чамтай тийм ч ойр дүр биш. Гэхдээ заримдаа чамаас шийдэмгий зан, хурц байдал цухалздаг. Тэр давуу талаа өнгөлчихвөл энэ дүрийн мөн чанарыг чи ойлгоно” гэсэн. Нөгөө талаас Нандин хэдийгээр шийдэмгий ч гэлээ маш ганцаардмал. Яг л золиослогдсон мэт. Золиос, хайр гэдэг үг энэ эмэгтэйн амьдралыг илэрхийлэх болов уу” хэмээн дүрээ тодотгосон.
Үйл явдал цааш хөвөрч, гуравдугаар үзэгдэл Тогтохынд өрнөнө. Дундаж давхаргын айлын төрх байдал харагдана. Тогтох буйдан дээр суун зурагт харна, эхнэр нь англи хэлний толь бичиг уншина, хүү нь утаснаасаа хараа үл салгана. Харин Нандин өрөөндөө бүгнэ. Хоорондоо үг солих нь ховор. Хүн ямар нөхцөлд төрхөө алддаг, хэрхэн араатнаас дор авиртай болдгийг ч эл жүжигт харуулжээ. Тогтохын дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний эхнэрийнхийг Гавьяат жүжигчин Г.Урнаа бүтээж байна.
Долоон үзэгдэлт жүжгийнхээ талаар найруулагч А.Чингүн “Өнөөгийн залуус нэг битгий хэл нэлээд баг зүүж, дүр эсгэн амьдардаг болчихож. Цахим орчинд гэхэд л маш боловсон, сайн хүний дүрд тоглодог. Гэтэл бодит байдалд хүн бүртэй өөр өөрөөр харилцдаг. Албан ажилдаа ч тэр. Хэн нэгэнд дулдуйдаж, өөр нэгнийг дээрэлхэнэ. Яагаад хүн хүнээрээ байж болдоггүй юм бэ. “Надтай үлдээч” энэ тухай өгүүлнэ. Нөгөө талаар цахим хэрэглээний хор уршгийг ч үзүүлнэ. Замбараагүй их, худал мэдээлэл, дуулиан, шуугиан хүмүүсийн тархийг хэрхэн угаадгийг хөндөнө. Гэр бүлийн харилцааны талаар ч дуугарна. Хайр сэтгэл, эрх чөлөө гэдэг үгээр энэ жүжгийг тодорхойлох боломжтой. Хэн нэгний тэжээвэр “амьтан” болохгүйн тулд аливааг тунгааж, хянаж, бие даах чадвартай байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн. Олон сэдэв зэрэг хөндлөө гэж өөлж магад. Гэхдээ өнөөгийн залуусын үнэн дүр төрхийг өөрсдөд нь толинд харуулж буй мэт үзүүлэхийн тулд эдгээр сэдвийг зэрэг хөндөхөөс аргагүй” гэж онцолсон.