“Ньюком групп”-ийн охин компани “Монголиан смарт дрон деливери” ХХК эмчилгээнд шууд ашиглах зориулалттай цусны сийвэнг япон мэргэжилтнүүдийн туслалцаагүйгээр, нисгэгчгүй төхөөрөмжөөр анх удаа амжилттай зөөвөрлөжээ.
Тус компанийнхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг хооронд буюу нийт 4.95 км газарт 800 гр цусны сийвэнг зөөвөрлөхөд нэг талдаа 11 минут зарцуулсан аж. Үүнийг машинаар хүргэхэд 30-40 минут зарцуулдаг байсан бол дрон ашигласнаар энэ хугацааг 20 минутаар хэмнэх боломж бүрджээ.
Монгол Улсад дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх туршилт, судалгааны ажлыг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Нарлаг Улаанбаатар ротари” клуб хамтран 2020 онд эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард ЦССҮТ, АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг, “Ньюком групп”, “Мобиком” корпорац, “ТокТок” ХХК болон ЖАЙКА, “Aeronext”, “KDDI smart drone”, “Sei¬no” зэрэг байгууллага харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд тухайн оны арваннэгдүгээр сарын 13-нд “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх анхны туршилтыг хийж байж. Харин одоогийн байдлаар АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг, нийслэлийн “Амгалан” амаржих газар Иргэний нисэхийн ерөнхий газраас нислэг хийх зөвшөөрөл авсны дагуу нийт дөрвөн удаа цус, цусан бүтээгдэхүүн зөөвөрлөөд байна. Энэхүү дроныг газрын гадарга дээрх салхины хурд секундэд таван метрээс дээш тохиолдолд болон цас, бороотой үед хөөргөх боломжгүй гэнэ.
Манай улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод авто замын түгжрэлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг. Харин дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх нь цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй.
Бэлтгэсэн Э.Жанзандулам