- Арван жилийн өмнө авсан 14.8 сая ам.долларын зээлээ ч төлөх чадваргүй байна -
Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендерийг өнгөрсөн оны зургаадугаар сард дөрөв дэх удаагаа зарласан ч гүйцэтгэгчийг шалгаруулж чадсангүй. Энэ талаар зарим хэвлэлд “Монгол, БНХАУ, Камбожийн дөрвөн компани хоёр санал ирүүлсэн, ЭХЯ цаасан дээрх аж ахуйн нэгжийг шалгаруулсан гэх гомдлыг тендерт өрсөлдөгчөөс гаргасан бөгөөд Сангийн яамныхан шалгаж, хүчингүй болгосон” хэмээн дурджээ. Мөн шалгарсан гэх компанийг Сангийн яамны шийдвэрээр дахин үнэлэхээр болсон гэж байлаа. Зарим эх сурвалж энэ тухай “Тендерт өрсөлдөөд шалгараагүй оролцогчид цаасан дээрх компани шалгаруулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичүүлж байгаа” хэмээсэн нь үнэний ортой байж мэднэ.
Эл шалгаруулалтын талаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхнаас лавлахад дорвитой мэдээлэл өгөөгүй юм. Дараа сарынх нь эцэст дахин тодруулахад “Тендер шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй хийж, амжилттай болгохын төлөө хичээж байна. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа” гэж байв.
Эргэн санавал, 2020 оны есдүгээр сарын сүүлчээр тус төслийн гүйцэтгэх захирлаар Г.Тэнгэрийг томилсон. Үүнээс хойш дээрх тендерийг гурван удаа зарласан ч бүтэлтэй болсонгүй. Үнэхээр тендерт өрсөлдөгчдийн дундаас өрөөлийг бус, өөрийгөө л шалгарах ёстой гэж зүтгэн, нэгнээ “намнаад” гацаадаг бол ил тод хэлж, хэлэлцээд явах нь зөв ч юм шиг. Гэвч “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ынхан энэ талаар ам нээсэнгүй. Уг төслийн явцын талаар ЭХЯ-наас тодруулахад ч мэдээлэл өгсөнгүй.
Тус компанийн 2022 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийснийг цахим хуудсандаа байршуулжээ. Үүнд дурдсанаар Эрчим хүчний сайдын 2022 оны нэгдүгээр сарын 7-ны тушаалаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн 2022 оны эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшинд үйл ажиллагааны санхүүжилтийг 7.03, зардлыг 5.71, хөрөнгө оруулалтыг 1.31 тэрбум төгрөгөөр баталсан аж. Төрийн хэмнэлтийн тухай хууль баталсантай холбоотойгоор Эрчим хүчний сайдын 2022 оны зургаадугаар сарын 15-ны тушаалаар эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшинд зардлыг нь 4.27 тэрбум, хөрөнгө оруулалтыг нь 854.9 сая төгрөг байхаар шинэчлэн баталсан байна. Тэгвэл гүйцэтгэлээр 2022 онд 7.03 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2.3 тэрбумын зардал гарган, 611.2 саяыг хөрөнгө оруулалтад зарцуулсан гэнэ.
“Аудитын гол асуудал” хэсэгт “Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгой дулааны цахилгаан станц” барих төсөл хэрэгжүүлэхээр 2014 онд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банк хооронд 2022 онд төлж дуусгах нөхцөлтэй, 15.9 сая ам.долларын дүн бүхий Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу ЭХЯ-ны төслийн дансанд 14.8 сая ам.долларыг шилжүүлсэн байна. Зээл олгосон өдрөөс эхлэн ашигласан бодит хоногоор хүүг тооцож, жилийн суурийг 360 хоног байх, зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны есдүгээр сараас эхлэн хагас жил бүр төлөхөөр тусгасан ч гэрээний хугацаа 2022 оны зургаадугаар сарын 10-наар дуусгавар болж, үндсэн болон хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй байна.
Эрчим хүчний яам нь төслийн нийт хөрөнгө оруулалтын захиалагчийн зардлын хөгжүүлэлтийн зардалд Хөгжлийн банкны зээл, түүний хүүгийн төлбөрийг оруулан тооцох, эсхүл хувь нийлүүлэгч этгээдэд хариуцуулах хэлбэрээр зээлийн гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн байна” хэмээн тэмдэглэжээ.
Энэ хүү тайлангаас харвал 2022 онд тус компанийн цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын дүн 1.19 тэрбум төгрөг (2021 онд 1.09 тэрбум) байжээ. Үүний 1.07 тэрбумыг нь үндсэн цалин, 117.5 саяыг нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн цалин, бусад зардал эзэлсэн гэнэ. Мөн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 319.31, хангамж, бараа материалд 131.63 сая (бичиг хэргийн зардал 12.49, шатахууных 27.67, шуудан, харилцаа холбооных 8.96, ажлын байрны эрүүл ахуйн цэвэрлэгээний материал 20.83, удирдлагын бусад зардал 27.85 сая зэрэг) төгрөг зарцуулжээ. Түүнчлэн эд хогшил, урсгал засварын зардал нь 178.62, томилолт, зочны зардал нь 43.86, бараа, үйлчилгээний бусад зардал 60.92 (үүний 54.37 сая нь сургалтын зардал), ажилчдын нийгмийн зардал 4.2 сая байсныг тайлангаас нь харж болохоор байв. Улмаар 2022 онд зардлынх нь дүн 2.91 тэрбум төгрөгт хүрсэн аж. Тэгвэл 2021 онд эл дүн 3.8 тэрбум байжээ. Харин 2020 онд 197.99 сая байсан гэнэ. Эндээс 2021 оноос хойш зардал нь огцом нэмэгдсэн нь харагдаж буй. Өрөө ч дарж чадахгүй, ажил нь ахицтай биш байхад арван хэдхэн хүнийг жилд 54 саяар (2021 онд эл зардал 74.69 сая байсан)сургаж эрхлүүлэн, үнэтэй оффист суун тансаглаж, тэрбум тэрбумаар нь мөнгө үрэхээ болих хэрэгтэй.
Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 50 сая ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрсний дагуу Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон судалгаа шинжилгээний ажил, зөвлөхүүдийн төлбөрт зориулж 14.8 сая “ногоон” олгосныг тус банкны 2014 оны тайланд дурджээ. Эл төслийн нэгж нь 2014 онд хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, дараа жил нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгох ажлыг эхлүүлж, 2017 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй хэмээн дээрх банкны тайланд тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, аль 10 жилийн өмнө хөрөнгө оруулагчийг шалгаруулаад, станц барина гэж итгээд өгсөн зээлийг юунд зарцуулав. ҮАГ-аас хийсэн, 2022 оны аудитын тайланд “Тайлант оны эцэст Хөгжлийн банканд төлөх 58.35 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өглөгийн үлдэгдэлтэй байна” хэмээн тэмдэглэжээ.
Хувьцаа эзэмшигчийн бүтцийг нь харвал 70 хувийг нь Засгийн газар, үлдсэнийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшдэг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн цахим хуудсанд тэмдэглэснээр Захиргааны болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Техникийн албатай аж. Эдгээрт нь 10 ажилтан бий гэнэ. Тэгвэл ТУЗ-ийн даргаар нь ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох ажилладаг гэжээ. Харин гишүүдээр нь дээрх газрын Дулааны хэлтсийн болон ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хөрөнгө оруулалтын албаны, мөн тус газрын Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын, Худалдан авах ажиллагааны газрын дарга гээд зургаан хүн ажилладаг юм байна. Гурван хараат бус гишүүний нэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөр нэг нь тэтгэвэрт, үлдсэн нь “Хүний эрхийн залуу хуульчдын клуб” ТББ-д эрх зүйч, судлаач гэнэ. Мөн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гээд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй аж. Хариуцсан төслөө хөдөлгөж чадахгүй дээрх ТӨХХК-ийнхан болон ТУЗ-ийнхөн нь дээр дурдсанчлан өчнөөн тэрбум хөрөнгийг жил бүр “ууршуулчхаад”, зүгээр суугаа юм биш үү. Амьгүй албат гэмээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн нэгж байх хэрэгтэй юү.
Түүх сөхвөл, Засгийн газар 2009 оноос хойш “Оюутолгой”-г дотоодын эрчим хүчээр хангах талаар хөндөж, 2013 оны долоодугаар сард Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тогтоол гаргаж ч байлаа. Өмнө нь төлөвлөснөөр бол дээрх станцыг аль 2016 онд ашиглалтад оруулчихсан байх учиртай байлаа, уг нь. Тодруулбал, 2013 оны гуравдугаар сард Засгийн газраас Тавантолгойд цахилгаан станц барьж 2016 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, хүчин чадлыг нь эхний ээлжид 450, цаашид 600, мөн 1200 МВт-д хүргэнэ гэж байв. Харамсалтай нь, өдгөө эхний ээлжийн 300 МВт-ын эх үүсвэрийг нь барья гээд ч барахгүй л сууна.
2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэх үед хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” компаниас ирүүлсэн саналаас 30 хувиар бага, эрчим хүчний өртөг 50 хувиар хямд байна хэмээн мэдэгдээд, санхүүжилтийг нь өөрсдөө хариуцна гэж ам гарч байсан юм. ЭХЯ-ны эх сурвалж тухайн үед “Төслийн санхүүжилтийг зээлээр босгоход санхүүжилтийн, менежментийн, даатгалын, зөвлөх үйлчилгээний зэрэг шууд бус зардал гардаг. Мөн төрөөс санхүүжилтийг гаргахад зээлийн хүү төлөхгүй зэрэг нь зардал багасахад нөлөөлөх талтай. Бас даатгалын зардлыг бууруулах, эсвэл даатгуулахгүй байж магадгүй” гэж байв. Гэвч төрөөс санхүүжилтийг ньшийдэж чадаагүйг бид мэднэ.
ЭХЯ-наас 2021 онд гаргасан “Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн танилцуулга”-д тэмдэглэснээр бол 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц барих төслийг 2021-2025 онд хэрэгжүүлнэ, төсөвт өртөг нь 808.2 сая ам.доллар гэж байсан юм. Мөн эл станцаас “Оюутолгой” төсөл болон Тавантолгойн орд газрууд, стратегийн ач холбогдол бүхий, өмнөд бүсийн уул уурхайн бусад төслийн эрчим хүчний хэрэглээг хангана гэж байв. Түүгээр ч зогсохгүй “Оюутолгой” компанийн импортын эрчим хүчинд жилд төлж буй 110-120 сая ам.доллар дотоодод үлдэнэ хэмээн дурдсан нь бий. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оноос ажиллуулсан гэхээр бүтэн 12 жил эрчим хүч импортолсон гэсэн үг. Гүний уурхайгаас өнгөрсөн жилээс олборлолт хийж эхэлсэн тул цахилгааны хэрэглээ нь улам нэмэгдсэн нь тодорхой.
Төслийн гүйцэтгэгчийг сонгоод, бэлтгэл ажлыг хангаж, 300 МВт-ын эх үүсвэрийг барихад гурван жил шаардлагатай гэнэ лээ. Биднийг ингэж мунгинаж, цаг алдаж суух хооронд дэлхийн чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж буй. “Оюутолгой” компани ч Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан худалдаж авах боломжийн талаар ЭХЯ-тай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл бий.
2021 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ “Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслөө хэрэгжүүлж дуусгана” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Өмнөговь аймагт 2021 оны тавдугаар сарын эхээр ажиллах үедээ ч Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд барим тавим уламжилсан нь хачирхалтай. Станцыг Цогтцэций сумд төрийн өмчийн хөрөнгөөр барьж 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уурхайнуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах давуу талтай хэмээн тэмдэглэж байсан юм. Гэтэл үүнээс хойш гурван жил өнгөрчхөөд байхад энэ төсөл гараанаас хөдөлсөнгүй, эрчим хүчний эх үүсвэрийн хомсдолд орсон хэвээр байна.
Эл төслийн 300 МВт-ын I үе шатны EPC+F (барилга угсралт болон санхүүжилтийг хамтат гасан хэлбэр) гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцан, Хөгжлийн банкнаас энэхүү төсөлд олгосон зээл, хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг ТУЗ-д нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар даалгаж байв. Зардлаа “Эрдэнэс Тавантолгой”-гоор хариу цуулахаар болсон “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхан хийсэн ажил, хэлэх үгтэй бол танилцуулж, чадахгүй бол чаддагаар нь хийлгэвэл яасан юм бэ. “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг 2020 оны долоодугаар сард байгуулаад, дараа жилийнх нь арванхоёрдугаар сард татан буулгаж байв. Үүн шиг дээрх ТӨХХК-ийг ч татан буулгах нь зүйтэй мэт.