Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд Өмнөговь аймагт Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга “Монголын говь үлэг гүрвэлийн олдвороор нэн баялаг. Нээж илрүүлсэн палеонтологийн олдвороороо дэлхийд топуудын нэгт ордог, нээгээгүй нь хаа сайгүй бий. Үүнийг бүгдийг нь судлах, хамгаалах хэрэгтэй. Говийн бүсийг аялал жуулчлалын халуун цэг болгох нэг боломж нь эдгээр дурсгалд түшиглэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах” гэсэн юм. Харин энэ санаачилгыг анх гаргасан дээрх төрийн бус байгууллагынхан “Юрийн галаваас Цэрдийн галав хүртэлх үед эх дэлхийг захирч байсан хүчирхэг амьтны ул мөр, олдвор Монголын нутгаас илэрсээр байна. Үлэг гүрвэлийн үржлийн онцлогийг судлах боломжийг хүн төрөлхтөнд олгосон анхны өндөг, палеонтологийн шинжлэх ухаанд дуулиан тарьсан, тэмцэлдэж буй “аварга биет”-ийн олдвор гээд дурдвал дуусашгүй. Энэ гайхалтай дурсгалуудад тулгуурлан цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар үлэг гүрвэлийн нууцлаг ертөнцийг ил болгож, төсөөлөл, бодит байдлыг нэгтгэн, дэлхий нийтийн анхаарлыг татах боломжтой. Аймшигт махчин Тарбозавр батаар, Тираннозавроос эхлээд өвсөн тэжээлт Нэмэгтсаурус, Протоцератопс зэрэг хамгийн алдартай, сэтгэл хөдөлгөм 50 гаруй үзмэрийг бодит хэмжээгээр нь бүтээн, цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар төлөвлөж, судалж байна” гэлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг урьдчилсан байдлаар боловсруулсан бөгөөд өдгөө газар зүйн байршлын судалгаа хийж байгаа аж.
Н.Мишээл