Эдийн засагч Р.Шинэргэрэлийн санаачилсан, хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсны дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад буй. Тэгвэл энэ ажлыг ахалж байгаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хуулийн төсөл санаачлагчийн хувиар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүн амын орлогын албан татварыг есөн хувиар бууруулснаар иргэдийн нуруун дээрх ачаа илт хөнгөрнө. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн энэ албан татварыг төрд хураалгахгүй байснаар халаасандаа 180 мянган төгрөгтэй үлдэнэ. Төрөөс төрсөн тэрбумтнуудад энэ нь цайны мөнгө байх. Харин иргэдийн хувьд шуудай гурил, уут будаагаа таслалгүй залгуулах мөнгө, бодит орлого. Энэ төрлийн татварыг бууруулж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх боломж Сангийн яаманд бий. Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулахаар холбогдох хуульд өөрчлөлт оруулан, “D-parliament” системд байршуулсан. Иргэд үүнд цахимаар санал өгөх, ямар боломж, шийдэл байгааг хуваалцах боломжтой. Уг хуулийн төсөлдөө Засгийн газрын санал, дүгнэлтийг тусгахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн” гэв.
Ж.Сувд