“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн үеэр авто замын зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд энэ сарын 24 буюу бямба гарагт “Автомашингүй өдөр”-ийг 13 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үүний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим замыг тухайн өдрийн 06.00-18.00 цагийн хооронд хаах юм. Тодруулбал, “Цэцэг” төв, “Зоос гоёл”, Сансарын “И-март”, Бөхийн өргөө, Зүүн дөрвөн зам, “Нарантуул”, “Өгөөмөр” захын уулзвар болон “Дүнжингарав” худалдааны төвийн урд зам, Улиастайн уулзвар, Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, Маршалын гүүрний хойд уулзвар, “Хоум плаза”, Гандигийн гудамж, Олимпын гүүр, ГХЯ-ны уулзвар, Сүхбаатарын талбай хүртэл гүйлтийн зам байх бөгөөд энэ чиглэлд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн цахилгаан скүүтер, унадаг дугуй, мотоцикл, мопед явуулахгүй аж. Өмнөх гүйлтийн үеэр цахилгаан хөдөлгүүртэй хэрэгсэлд бага насны 3-4 хүүхэд мөргүүлж гэмтсэн учир ийн хоригложээ.
Ч.Цэлмэг