Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын багийг БНХАУ-ын Шанхай хот руу илгээсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн эмч нар энэ чиглэлээр суралцаж, эх орондоо ирсэн бөгөөд УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн шигдээсний нэгжид дэлхийд хүлээн зөвшөөрсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Тодруулбал, уг дэвшилтэт технологийг УХТЭ-д нэвтрүүлснээр титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу “урсах” зардлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болсныг эмч нар онцоллоо. Ташрамд дуулгахад, IVUS төхөөрөмжөөр чиглүүлэн зүрхэнд стент суулгах нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс илүү эмчилгээний өндөр үр дүнтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, цусны судаснуудын үйл ажиллагааны доголдлыг 38-45 хувиар бууруулахыг олон туршилтаар баталгаажуулжээ. Харин зүрхний судасны дотуурх мэс заслын эмчилгээ нь зүрхний шалтгаант нас баралт, судас дахин тэлэх байдлыг мэдэгдэхүйц багасгасан дүн гарчээ.
Ч.Туяа