Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар цөөнгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Монголд авлигын эсрэг холбогдох хуулиудыг мөрдөж буй ч бодит үр дүн гаргахад хүндрэлтэй болсон тул Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулснаа танилцуулсан. Хуралдаанаар төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улс “Транспэрэнси интернэшнл” олон улсын бай-гууллагын Авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 2022 онд зургаа, 2023 онд таван байраар ухарч, 121-д эрэмбэлэгдээд буй. Уг индекс нь тухайн улс орны авлигын түвшинд өгч буй олон улсын үнэлгээ бөгөөд дээрх хуулийн төслийг батлуулах нь эл эрэмбэд ахиц гаргах нэг алхам гэж эрх баригчид үзлээ. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт тэгш бус байдлыг үүсгээд байгааг бага ч болов бууруулна гэж төсөөлж байгаа аж. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд нийтийн албан тушаалтны гэмт хэргийн шинжтэй болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах, хураан авсныг хадгалах, захиран зарцуулах, түүнээс олсон орлогыг үр дүнтэй ашиглах, хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэхээр зааржээ. Үүний дагуу авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан гэв.
М.Гэгээ