БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монголын иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүй саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч, хувийн мэдээлэлд нь халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг асуудлаар Гадаад хэргийн яамнаас Өмнөд Солонгосын талд шаардлага тавьжээ. Мөн БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг зургаан сарын хугацаанд хязгаарлаж буй зохицуулалтыг цуцлах хүсэлт тавьжээ. Тэрчлэн виз мэдүүлсэн иргэд гадаад паспортоо хариу гарах хүртэл буцаан авч чадахгүй байгаа тул нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-гийн лавлагаагаар орлуулах нөхцөл бүрдүүлэхийг санал болгожээ. Эмчлүүлэх зорилгоор БНСУ-д зорчих иргэд, тэдний асран хамгаалагчдыг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудад олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэхийг шаардаж буй аж. Түүнчлэн монгол иргэдэд туслалцаа үзүүлэх зорилгоор БНСУ дахь Элчин сайдын яамны дипломат ажилтныг Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд ажиллуулж эхэлжээ.
А.Үүл