Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, “Ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг” төрийн бус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд хамтран говийн баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Тодруулбал, тухайн дархан цаазат газар дахь Баруунтооройн баянбүрд орчимд нутаглаж байсан 10 настай, 100 кг жинтэй, нэг шармаахайд судалгааны зориулалтаар мэдээлэл дамжуулагч зүүсэн байна. Үүнийг ашиглан мазаалайн шилжилт хөдөлгөөн, холбоос нутаг, байршлыг нарийвчлан тандах, дүрс бичлэгээр баримтжуулах, цаашлаад тархцынх нь зураглалыг боловсруулах, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэнэ. Судлаачид өнгөрсөн онд хоёр мазаалайд хүзүүвч зүүж, тандсанаар Тост, Тосон бумбын нуруу, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хооронд шилжин нүүдэллэдэг болохыг нь тогтоожээ.
Ж.Сувд