АН-ын нэр бүхий гишүүд өчигдөр мэдээлэл хийж,“МАН-ын хамгаалагч болж буй АНын удирдлагуудыг хамтарсан Засгийн газраас гарахыг шаардаж байна” гэв. Тодруулбал, намын дарга Л.Гантөмөр нарыг Засгийн газраас гарч, сөрөг хүчний ажлаа хийхийг шаардаж буйгаа тэд хэлсэн юм. АН-ын гишүүн Ц.Уянга “УИХ, Засгийн газарт АН-ыг төлөөлөн суугаа 42 гишүүн бий. Тэднийг ахалж байгаа намын болон бүл¬гийн дарга нарт бид шаардлага хүргүүлэхээр энд цугларлаа.
Энэ шаардлага нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой. Ийм эгзэгтэй цаг үед АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж, бие төлөөлөгч нь мэтээр ажиллах болсонд бид харамсаж байна” гэсэн юм. Туснамынгишүүд “Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан. Хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь харахад өөрийнх нь орлого 200 гаруй, гэр бүлийнх нь орлого 15 сая төгрөг байна. Тийм атал түүний хүү О.Тэмүүлэн тэрбумтан шиг л тансаг зэрэглэлийн эд материал худалдан авч, түүнийгээ найз охины хамт олон нийтийн сүлжээнд гайхуулж, иргэдийг басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлсээр ирсэн. Үүнээс үүдэн иргэд Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардсан. Ийм үед үндэсний хэмжээний улс төрийн хүчин болохынхоо хувьд АН энэ мэт даварсан үйлдлийг хянаж, сө¬рөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Бид намынхаа удирдлагуудыг “Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.10, 16.16, 17.1.1, 39.2, Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1.1, 8.1.11, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1.1.1, 4.1, Улс төрийн намын тухай хуулийн 4.1 4.2, 4.2.1, 5.2 дахь заалтыг илтэд зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс өнгөрсөн жилийн долоодугаар сарын 4-нд хийсэн АН-ын дүрмийн бус хурал, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрээр МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах хууль бус шийдвэрээ энэ сарын 20-ны дотор нэн яаралтай цуцлахыг шаардаж байгаа юм. Уг шаардлагыг эс биелүүлбээс улс төрийн хатуу тэмцэлд шилжихийг АН-ын Үндэсний бодлогын хороо, УИХ дахь бүлэгт онцгойлон анхааруулъя” гэж мэдэгдлээ.
О.Ундрах