Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Цүнхтэй жагсаал” үргэлжилж байна. Түүний жилийн орлогоос давсан мөнгөөр хүү нь найз бүсгүйгээ эрхлүүлсэнд тайлбар хийхийг иргэд шаардаж буй юм. Хэдэн өдөр бултаж, зугтсаны эцэст түүний багийнхан ямар байдлаар, хэрхэн тайлбар хийлгэхээ бодож олжээ. Ингээд Туулын хурдны зам төслийн ажилтай танилцах үеэр хэсэг сэтгүүлчийн асуултад хариулахаар зохион байгуулсан байна. Түүний хүүд хамаарах олон тансаглалаас сүйн бөгжтэй хэсгийг л сонгож авахаар шийджээ.
Хүү нь контент хийх сонирхолтой учраас “Херо энтертайнмент” компанитай хамтран ажилладаг аж. Үүгээр бөгж авсан орлогоо нотлох бололтой. Ерөнхий сайд болон түүний хүү, худын орлогоосоо давсан тансаглалын эх үүсвэрийг шалгуулахаар нэр бүхий иргэд АТГ-т хандаад буй. Тиймээс Ерөнхий сайдын хүү энэ долоо хоногт Англиас ирж, хуулийн байгууллагынханд мэдүүлэг өгөх нь. Бөгж хэрхэн авснаа нотолж чадахгүй бол улсад хураалгана, өөрөө ч шалгуулахад бэлэн, орлогоос нь давсан сэтэрхий зүү, сэмэрхий хадаг илэрвэл хариуцлага хүлээнэ гэв. Үгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Ерөнхий сайдын тайлбар иргэдэд огт итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Харин ч илүү нягтлах, хувь эзэмшдэг компаниудынх нь гүйлгээг шалгах ёстойг ойлгууллаа.
БӨГЖТЭЙ ХОЛБООТОЙ УЧИГ
Хүү нь тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй “Мерседес бенз” болон “Chanel”-ийн цүнхтэй холбоогүй хэмээн аавдаа хэлжээ. Эдгээр бэлгийн эзнээр бүсгүйн аав Ц.Өгөөдэйбаатарыг тодруулчихсан учраас жагсаалтаас хасагдаж байгаа юм. Тэгээд “Херо энтертайнмент”-тай хамтарч контент хийгээд олсон орлогоор 20 сая төгрөгийн очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж авсан гэж тайлбарлахаар тооцсон бололтой. Гэвч “зохиол”-оо бас л дутуу боджээ. Сүйн бөгжийг хүлээн зөвшөөрсөн юм чинь, түүний ард зохион байгуулсан тансаг ёслол ч үнэн гэсэн үг. Булган аймаг дахь “Seven nuga” хэмээх өндөр үнэтэй амралтын газрыг түрээслэн, нисдэг тэрэг хөлөглөн очиж, салют буудуулсан зардлаа ч тэд нотлох ёстой. Очсон сэтгүүлчид асуугаагүй, бас Ерөнхий сайд энэ тухай огт яриагүй ч иргэд сохор, дүлий биш. Нэг компанид контент хийгээд л тэрбумаар цалинждаг юм бол тэдгээрээрээ дамжуулаад мөнгө угааж буй юм биш үү гэсэн хардлага үүсэж байна. Тиймээс Ерөнхий сайд 50 хувийг нь эзэмшдэг “Херо энтертайнмент”, 100 хувь түүний мэдлийн “Хүлэг контент” компанийн орлого, гүйлгээг шалгахыг шаардаж эхлэв. Улс төрийн найруулга, “жүжиг”-ийг нь хийдэг “Херо энтертайнмент” компани “Ковид-19”-ийн үед өндөр төсвөөр, цөөхөн хүнд зориулсан наадам нэртэй бичлэг хийж цацсан. Үүнээс эхлээд хуулийн байгууллагад шалгах ажил маш их бий. Зөвхөн бөгжний зардлыг сонгоод аргалчихна гэж бодтол араас нь ийм олон учиг холбоотой байх гэж. Их л гэнэн пиарчин, найруулагчидтай аж.
НАМЫН ДАРГА НАРЫН ДОЛООЛТ
Парламентад суудалтай намын дарга нар, УИХ-ын зарим гишүүнээс Ерөнхий сайдын хүүгийн тансаглалын талаар байр суурийг нь сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногт тодруулсан юм. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй намын дарга нар нь түүнийг илт өмгөөлөв. АНын дарга Л.Гантөмөр “Хүүхдээр улс төр хийхээ боль. Нас биед хүрсэн чиний өмнөөс аав чинь хариуцлага хүлээхгүй. Би өөрөө том хүүхэдтэй хүн, тэд юу хэрэглэж байгааг яаж мэдэх юм. Чиний хүүхэд том болохоороо юу эдэлж, хэрэглэхийг чи мэдэх үү. 20 настай хүүхэд ямар орлоготой байхыг чи, бид хоёр яаж мэдэж байгаа юм. Хэний мөнгө гэдгийг нь би яаж мэдэх юм” гэлээ. Орлогоосоо давсан зардлаа нотлохыг иргэд шаардаж байна шүү дээ гэхэд “Ардаа эзэнтэй л байгаа шүү дээ, наадах чинь” гэсэн юм. Нас биед хүрсэн хүн гэсэн мөртлөө “хүүхдээр улс төр хийлээ” гэх. Найман жил “лааз өшиглөсөн”-ий дараа олдсон сайдын суудал, эрх мэдлээсээ салахаас тэр үнэхээр айж, Ерөнхий сайдаа цээжээрээ хамгаалж буй нь энэ. Уг нь энэ хүн Ардчилсан намын дарга юм. Хамгаалах ёстой ардчиллыг нь устгаж байхад зогсоох биш, хамжилцаж байгаа нь үнэхээр өрөвдмөөр. Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд “Би Ерөнхий сайдыг худал ярьж, хулгай хийх хүн гэж боддоггүй” хэмээн өмөөрчээ. ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар болон УИХ-ын зарим гишүүн “Ерөнхий сайд тайлбараа хийх ёстой” гэсэн юм. Гишүүн А.Ариунзаяа “Тэр хүүхэд койноор баяжсан ч юм бил үү” гэсэн санаа гаргаж өгөв. Гэвч Ерөнхий сайд контент хийдэг гэх шийдлийг нь сонгосныг бид сонссон.
ЖАГСААЛЫГ СААРМАГЖУУЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖЛЭВ
Хэдийгээр жагсаалын сургаар Сүхбаатарын талбайд янз бүрийн гэнэтийн өдөрлөг зохион байгуулж эхэлсэн ч залуусын тэмцлийг зогсоож чадсангүй. “Цүнхтэй жагсаал” хийж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй залуусын ард MCS компани, эсвэл Ц.Элбэгдорж бий тухай мэдээлэл ч үргэлжилж байна. Жагсаал бүрд эрх баригч талыг өмгөөлөн оролцдог эмэгтэйчүүд ч тэнд оччихсон шударга бус байдал, нийгмийг эсэргүүцэн нэгдсэн залуус руу шүлсээ үсчүүлж байх. Гэвч хэн нь хэнийг төлөөлж байгааг иргэд ялгаж салгадаг болсон. Залуус жагсаалаа эмх цэгцтэй, цагийн хуваарьтай, тусгай хөтөлбөртэйгөөр зохион байгуулж байна. Хүссэн иргэд үзэл бодлоо илэрхийлэх болом жийг ч бүрдүүлээд буй юм. Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин рүү үг хэлж байхад нь гурил цацаад зугтсан явдал бямба гарагт болсон. Энэ мэтээр жагсаалыг үймүүлэх оролдлого хийж буй ч газар авахгүй байна. Үндсэн хуулийн 43-т заасны дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэг буюу 32 хүн хамтарч оруулж байж хэлэлцэх боломж бүрддэг. Гэвч уг санаачилгад Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар л нэгдээд удав. “Цүнхтэй жагсаал”-д эхний хоёр гишүүнээс гадна Т.Энхтүвшин очсон байна лээ. УИХ-ын гишүүд наанаа эсэргүүцэж буй дүр үзүүлж байвч огцруулах санаачилгад гарын үсгээ зурахгүй байгаа. Уг нь тэд талбай дээр жагсах биш, огцруулах асуудлыг албан ёсоор хэлэлцэхэд санаа тавьж, улмаар хариуцлага тооцох учиртай юм. Гэвч бодит байдал дээр ийм алхам хийхгүй байгаа нь гайхмаар. Гишүүд нь хөдөлж өгөхгүй байгаа тул иргэд санаачлан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж буй хүмүүсийн гарын үсгийг https:// www.uih.mn/ сайтаар цуглуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 44 555 хүн гарын үсгээ зурж, дэмжжээ. Гэтэл эл сайтын үйл ажиллагааг хэсэг зуур гацаах оролдлого бас хийсэн гэнэ.
Тайлбар өгөх аргаа бодож олох хүртэл УИХын гишүүд, хамтарсан намын дарга нараар өөрийгөө өмгөөлүүлэх, жагсаалыг будилаантуулах, манлайлан оролцож буй “Ноорог медиа” группийн гүйцэтгэх захирал О.Уламбаярыг харлуулах гээд олон “ажил” өрнөсөн. Одоо ч үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй мега төслүүд урагшлаасай, бүтээсэй гэж олонх иргэн л хүсэж байгаа. Харин өөрийнх нь жилийн орлогоос ч давсан их мөнгөөр хүү нь найз бүсгүйгээ тансаглуулах мөнгийг яаж олсноо нотлох шаардлага үүнээс тусдаа зүйл. Тайлбар өгөх гэсэн биш Ерөнхий сайд хэлсэн үгэндээ улам ороогдоод байна. Татвар нэмэгдсэн, өрөндөө баригдсан, ардчиллын үнэт зарчмуудаас ухарсан учраас хариуцлагаа хүлээж огцрохыг л иргэд шаардаад буй. Гэтэл өөрийг нь эсэргүүцсэн бүгдийг мега төсөл, бүлэглэлтэй холбож, улмаар “ялаа” хэмээн доромжлов. “Ийм ялаануудад хандаж хэлэхэд битгий горьд” гэлээ. Угаас манай Ерөнхий сайд вакум орчинд орчихсон, шууд асуултаас үргэлж зайлсхийдэг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ч, гишүүдэд ч хэрүүлийн чанартай, бөөрөнхий хариулт өгдөг болсон. Ялаагаараа дуудуулсан иргэд Сүхбаатарын талбайд улам олуулаа цуглаж байна. Засгийн газрын “хиамчид”-ын түгээж буйгаас харвал “ялаа” гэдэг үгийг дэмий ч нэг сонгоогүй бололтой. ЯЛ-аа үүр гэсэн санаа агуулсан юм байна. Үүнийг нь иргэдийн зүгээс түүн рүү эргүүлж, хариуцлага хүлээж, ялаа үүр хэмээн шаардаж эхлэв.
Ерөнхий сайдын зүгээс хариу хамгаалах арга хэмжээ хэдэнтээ авч, заримыг нь харлууллаа ч залуусын амыг барьж дийлэхгүй. Байдал хэрээс хэтэрсэн учраас иргэд сайн дураараа нэгдэж, хариуцлага нэхэж буй юм. Тиймээс МАН дотор Л.Оюун-Эрдэнийг огцруулах, ингэхдээ ямар нэг ял хүлээхгүйгээр зохицуулах яриа хөөрөө өрнөж эхэлсэн тухай мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл, үнэнд гүйцэгдэж эхлэв бололтой. Дараагийн Ерөнхий сайд хэн байж болох тухай таамаглал ч өрнөж буй. “Улс төрд ирэх цаг гэж байдаг. Явах цаг ч гэж байдаг” гэж тэр өөрөө хэлсэн билээ. Үнэхээр л иргэдээ эргэлзүүлсэндээ гэмшиж буй юм бол ажил хийж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд явж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл дараагийн карьер нь нээлттэй үлдэж мэднэ.