Улаанбурхны халдвар эрчимтэй тархаж буйг ХӨСҮТ-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Тодруулбал, энэ сарын 20-21-нд шилжих хугацаанд буюу ганцхан өдрийн дотор 260 хүн улаанбурхнаар өвчилсөн байна. Ингэснээр лабораториор батлагдсан нийт тохиолдлын тоо 2682-т хүрэв. Эдгээрээс 1679 нь эдгэрсэн бол эмнэлэгт 401 хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан хэлсэн. Мөн гэрээр 601 хүн эмч нарын хяналтад эм, тариа хийлгэж байгаа аж. Өвчтөнүүдийн олонх нь буюу 1154 нь 10-14 насныхан гэнэ. Мөн дөрөв хүртэлх насны 564 хүүхэд халдвар авчээ. Хүйсийн хувьд эрэгтэй зонхилж буй. Энэ нь халдвар урьдын адил ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч буйг харуулна. Амьсгалын замын, тэр дундаа тууралтат цочмог халдвар ийн хурдацтай нэмэгдэж байгаа учраас эцэг, эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдүүдээ товлолт вакцинд нь хамруулах, хоцорсон бол нөхөн дархлаажуулах шаардлагатайг эмч нар зөвлөв. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг гурван цэнт вакцинд хоёр удаа заавал хамруулах заалттайг сануулъя.
О.Оргилох