Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн тавыг нь хэрэгжүүлж эхэлснийг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг онцоллоо. Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг салбараар нь авч үзвэл экспортын хүчин чадал, дотоодын үйлдвэрлэл, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтцийг сайжруулах гэсэн дөрвөн ангилалд хуваасныг сайд Л.Гантөмөр хэлэв. Тэрбээр “Одоогоор боомтууд дамнасан төмөр зам, ачаа тээврийн терминал, газрын тос боловсруулах цогцолбор, ураны болон Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, нүүрскокс химийн цогцолбор, Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл хэрэгжүүлж байна. Эдгээрийн үр дүнд экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, тээврийн зардал 50 хувь буурч, шатахууныхаа 60 хүртэлх хувийг бид дотоодоосоо хангадаг болно. Түүнчлэн уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж, жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэнэ” гэлээ.