Улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар хуульч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-Ерөнхий сайдын хүү болон түүний найз охины тансаглалаас үүдэлтэй “Огцрох амархан” жагсаал төв талбайд үргэлжилж байна. Ялангуяа залуус орлогоо нотолж чадахгүй бол Ерөнхий сайдыг огцор хэмээж байгаа. Та энэ жагсаалыг дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байна лээ. Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж буй үндэслэлийг тань эхлээд сонсож болох уу?
-Миний үзэл бодол гэхээс илүү энэ жагсаал яагаад болов гэдэгт гол агуулга бий байх. Оюутан, залуус цагийн ажил хийж, улсад татвар төлж байхад Ерөнхий сайдын хүү тансаглаж, найз охиндоо үнэтэй машин, цүнх, элдэв бэлэг өгөн, нисдэг тэрэг хөлөглөж, маш өндөр үнэтэй амралтад салют буудуулж байгааг хараад энэ төр засагт гомдлоо.
Ёс зүй, ардчилал, хууль ёс гэж хамгийн их ярьдаг хүний хүү ингээд явж байхад олон нийт дургүйцлээ илэрхийлнэ. Ямар ч утгаар үүнийгээ залуучуудад гайхуулж байгаа нь тэдний эгдүүцлийг төрүүлнэ шүү дээ. Аяга, таваг угааж, зөөгч хийж байгаа залуус ажлын цагаа дуусгаад харихын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулж, цагаа байн байн харан гүйлддэг бол. Ядарсан ч дор дороо шүд зуугаад тэмцэж байгаа. Тэгэхээр гомдохоос яах вэ дээ. Энэ бол ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой гэр бүлээс гарах зүйл биш. Эрүүгийн хууль, авлига, албан тушаалын хэрэг гэхээс илүү энэ нь соёлт нийгэмд наад захын ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Үүгээрээ огцрох шаардлага хангана. Баян айлын хүүхдүүд олон цүнх, эд, хувцсаа өмсөж зөндөө л зураг авхуулдаг байх. Эсвэл загвар өмсөгчид дэлхийн том брэндүүдийн хувцсаар гоёж, нүүр царай болдог. Тэднийг залуучууд шүүмжлээгүй.
ЯЛАА ГЭДЭГ БОЛ ДЭЭРЭЭС ХАРЬЦАЖ БАЙГААГИЙН Л ИЛРЭЛ
-Ерөнхий сайдын жилийн орлогоос нь давсан үнэтэй автомашин, эд зүйлсийг хүү О.Тэмүүлэн нь найз охиндоо бэлэглэсэн, энэ нь татвар төлөгчдийн халааснаас гарсан уу гэж хардаж байна. Ерөнхий сайд энэ талаар тайлбар өгөлгүй хэд хоносон. Тэгснээ гэнэт хэдхэн байгууллагын сэтгүүлчийг дуудаж, жагсагчдыг хэн нэгний гар, хөл мэтээр үзэж, “ялаа” гэж хэллээ. Төрийн өндөр дээд албан тушаалтан ард түмнээ үг хэлээр доромжлох нь байж болох зүйл үү. Ер нь энэ мэт ёс зүйн алдаа гаргасан ч тоолгүй өдий хүрлээ шүү дээ.
-Ялаа гэдэг бол дээрээс харьцаж байгаагийн л илрэл. Жагсаж буй залуусыг тэгж хэлж болохгүй. Ер нь Л.Оюун-Эрдэнэ сайн ярьдаг. Гэхдээ ярихын тулд толгойд нь юу байгаа вэ гэдгээ эхлээд сайн цэгцэлдэггүй санагдлаа. Ялаа гэж өөрийнх нь эсрэг улс төрчид, бүлэглэлийг хэлсэн байх гэж өмөөрч бодсон ч бодит үйлдэл хийж байгаа нь энэ хэдэн, жагсаж буй хүүхэд, залуус байна шүү дээ. Ингэж болохгүй. Хаан, ноён биш дээ.
Л.Оюун-Эрдэнийн улс төрийн замнал алган дээр тавьсан цаас шиг ил шүү дээ. Өөрийнх нь хэлснээр би 30 нас гараад тосгоноосоо хотод ирсэн бил үү, нэг мийм шиг юм яваад байдаг биз дээ. Тэгээд нэг ч удаа бизнес эрхлээгүй, нам дагаж, дандаа улс төр хөөсөн хүний хүүхэд яагаад ийм баян юм бэ гэдгийг иргэд асуухаас яах вэ дээ. Одоо гэтэл манай хүү тийм юм эдлэхэд ялаанууд юундаа дургүйцээд байгаа юм гэх маягаар хандаж болохгүй. Энэ бол утгагүй зүйл.
-Одоогийн нөхцөл байдал үүсэхэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тогтолцооны өөрчлөлт нөлөөлсөн талаар та ярьж байсан. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчингүй боллоо. Ардчиллыг аврах боломж байна уу?
-Хамтарч, эвлэрч Засгийн газар байгуулж болохгүй юм ерөөсөө байхгүй. Харин ингэж нийлж, нэгдэж байгаа бол аль, аль намууд парламентад нэг бүлэг болох ёстой, наад зах нь. Би олон удаа энэ талаар ярилцлага өгсөн, бичсэн. Анх засаг байгуулагдах үеэс. Харин сонгуулиар сөрөг хүчин болчхоод энэ ажлаа хийлгүй, олонхын бүлгийн буруу бодлогын “улаан хамгаалагч” баймааргүй байна. Би уг нь МАН-ын гишүүн хүн байгаа юм, уучлаарай. Энэ намын барьж буй бодлого эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх гээд байгааг төсөв хэлэлцэх үед цөөнгүй эдийн засагч олон удаа шүүмжилсэн. Одоо юунд хүргэв. Инфляц, төгрөгийн ханш бүгд энэ Засгийн газрын бодлогын бурууг илтгэж байна. Хүүхдээс болсон гэлтгүй, буруу бодлого хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайдыг яаралтай огцруулах шаардлагатай, улсаа аваръя
-Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөн¬хий сайдын санал болгосноор УИХ томилсон. Ийм байхад АТГ хараат бусаар ажиллаж, Ерөнхий сайд, түүний хамаарал бүхий хүмүүсийг шалгана гэдэг нь үлгэр хэмээн олон нийт үзэж байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-АТГ-ын даргад хэцүү л байгаа болов уу. Уламжлалт харилцаагаараа явах уу, эсвэл үнэхээр шударгаар шалгах уу гэж. Гэхдээ одоо л “Цагдаа цагийн найз” гэдгийг харуулмаар байна. Энэ үг муухай сонсогдовч үүнийг зөвөөр харвал хууль дээдлэх ёсыг илтгэсэн санаа юм. Найз нөхөр хамаагүй шүү, өргөсөн тангарагтаа үнэнч байна л гэсэн энгийн санаа. Нийгмийн уур амьсгал ийм байхад АТГ ажлаа хийгээд явчих болов уу. Зүгээр сенсацлаад орхиж таарахгүй. Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар хоёрт шалгуулах асуудал хангалттай бий байх. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын зүйл заалт маш өргөн хүрээтэй. Наад зах нь дүү нь сайд байхад наадам яагаад найруулсан бэ. Улсын мөнгөнөөс хэдэн төгрөг яаж авч, контентууд хийсэн бэ гэхэд л шууд бүдэрнэ.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайд ихээхэн эрх мэдэлтэй болсон. Эргээд харахад энэ өөрчлөлт өнөөдрийн энэ эрх мэдэл, дарангуйллын тогтолцоог бий болгосон юм биш үү?
-УИХ-ын өмнөх дарга Г.Занданшатарт их учир бий. Уг нь хүнийх нь хувьд би ойр. Гэхдээ тэр нөхөр болохгүй зүйлсийг мэдсээр байж хэлэхээс айж, гайхаж, хөөрөгдөж явснаасаа болоод эрсдэлтэй зүйлс хийсэн нь зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бус, түүнийг дагаж баталсан Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг олигтой шинэчилж чадаагүйд байгаа юм. Би энэ талаар санал бодлоо спикер болон УИХ-ын гишүүдэд нүүр тулж хэлж л байсан. Энэ нь протоколд үлдсэн байх ёстой. Харамсалтай нь, энэ хоёр хуулиа боловсруулахдаа дахиад л мөнгөний сонгууль, тэгш бус сурталчилгаа, намын дотоод ардчилалгүй байдлыг бий болгох нөхцөлүүдийг үлдээчихсэн.
УЛС ТӨРИЙН НАМ БОЛ АРДЧИЛСАН, ХЭВТЭЭ УДИРДЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ
-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Прокурорын тухай хуулийг засаж чадвал энэ системийн бөглөрөл ариллана гэж та ярьдаг. Хууль тус бүрд нь ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар жишээ хэлж өгөөч.
-Ерөөсөө энэ гурван хуулийг л өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэдгийг сүүлийн 2-3 жилд маш тодорхой уншиж, ойлголоо. Өмнө нь системтэйгээр ойлгож чадаагүй. Тус тусад нь салгаж ойлгоод байж. Одоо бол үүндээ бат итгэлтэй болсон. Улс төрийн намын тухай хууль бол тухайн намын дотоод ардчиллыг баталгаажуулах ёстой. Гэтэл намын дарга, удирдлагаас их зүйл шалтгаалахаар босоо хэв шинж буюу коммунист арга барилтай, хуучнаа хадгалсан хэвээр байна. Улс төрийн нам бол ардчилсан, хэвтээ удирдлагатай байх ёстой. Бас улс төрийн нам нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж, байр савтай байх шаардлагагүй. Сонгуулийн хуулийг мөнгөний бус, тэгш зарчмаар хийх ёстой байтал эсрэгээр нь болгочихсон. Бүр хуучнаасаа 3-4 дахин их мөнгө шаардсан байх, өнгөрсөн жил. Сонгуулийн хуудсанд Монгол ардын нам дандаа нэгт байхаар, Ардчилсан нам хоёрт бичигддэг. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн зөрчил. Гадаадын олон оронд шуудан харилцаа хөгжсөн учир сурталчилгаагаа тараагаад болоод байдаг. Гэтэл манайд шуудангийн хөгжил сул тул ингэж тарааж болдоггүй. Үүнийг ашиглаж нөхдүүд ухуулагчаар дамжуулан сурталчилгаа тараахаар хуульд тусгачихсан. Өөрөөр хэлбэл, мотоциклтой, эсвэл унадаг дугуйтай хүүхэд бүх нэр дэвшигчийн материалыг өөрийнхөө багт тараагаад өгч болдоггүй. Заавал ухуулагч гээд нэг нөхөр явна. Гэтэл хөдөө сумд энэ хоёр намаас өөр ухуулагч авчих хөрөнгөтэй, дэд бүтэцтэй нам байдаггүй. Хууль батлахаас өмнө би зөндөө хэлсэн, авч үзээгүй.
Дээд шатны прокурор доод шатны прокурортоо заавал биелүүлэх, цэрэг армийн шинжтэй үүрэг, даалгавар өгдөг болгоод Прокурорын тухай хуульдаа оруулсан. Манай прокурорууд нэг л “том толгойтой”. Ерөнхий прокурор буюу генерал-прокурортой. Тодруулбал, 1930-аад оноос их хэлмэгдүүлэлтийн үед Зөвлөлтөөс “авчирсан” тогтолцоо хэвээрээ байгаа. Тэр генерал улс төрийн нөлөөнд автахгүй байх ёстой. Гэтэл энэ байгууллага улс төрчдийн хэргийг харилцан адилгүй шийдэж байгаа нь хардлагыг улам бүр өрдөж өгдөг. Жишээ нь, ард олон “ЖДҮ-ийн хэрэг”-ээр хэдэн хүнд хариуцлага тооцов, “нүүрс чид” юу болов гээд олон хэргийг зүгээр сенсац маягаар хүлээж аваад залхаж байна. Гэхдээ дээрх хуулиудад их том өөрчлөлт биш, “косметик” байдлаар хэдэн өгүүлбэр оруулахад л энэ улсын хариуцлагагүйн бөглөрөл арилна.
МАН ӨӨРӨӨ МАНГАС БОЛЧХООД БАЙНА
-Дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар олон хүний нэр яригдаж байна. Хэрэв одоогийн Ерөнхий сайд ажлаа өгвөл дараагийн хүн нь тогтолцооны энэ гажуудал, шударга бус байдал, авлига, хээл хахуулийг цэгцэлж чадах болов уу. Нөгөө талаас хүн нь явсан ч төр засгийн бодлого, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой биз дээ?
-Би энэ тухайд бол ёстой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ итгэл хамгийн сүүлд мөхдөг. МАН өөрөө мангас болчхоод байна шүү дээ. Манай нам өөрчлөгдөж чадах, эсэхээс л шалтгаална. “Авлигын их сургууль” шиг байсаар байвал ми ний энэ ярьсан гурван хуулийг өөрчлөхгүй. Дахин дахин сонгогдохоо, эрх барихаа л бодох байх. Хэрэв энэ гурван хуулийг шинэчилж чадахгүй бол эцсийн арга зам нь МАН-ыг тараах.
-Одоогийн Засгийн газрыг унагаачихвал баялгийн сан, хууль бус хөрөнгийг хураах зэрэг ажлыг гацчихна гэсэн болгоомжлол хүмүүст байна.
-Манай салбарт О.Алтангэрэл сайдын яриад байгаа зүйлсийг үргэлжлүүлэх хүн, эсвэл О.Алтангэрэл өөрөө сайдаа хийх хэрэгтэй гэж бодож байна. Стратегийн гол түлхүүр дүр нь энэ хүн болчихлоо. MCS нь үү, юу нь байна вэ гэж хардаад байгаа бол энэ хүнээ үлдээ, үргэлжлүүлээд ажлаа хийг. Харин ХҮН намын Т.Доржханд, АН-ын Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарыг нэн яаралтай өөрчлөх нь зүйтэй. Эд нар эдийн засгийг сүйрүүлж, данхар төрийг сүндэрлүүлэгчид
-Та УИХ-ын гурван дарга болох Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нарын хуулийн зөвлөх, Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр ажиллаж, УИХ-д бие даан нэр дэвшсэн зэргээр улс төртэй ямар нэгэн сэжмээр холбогдож иржээ. Эрх баригчдын хууль бус үйлдлүүдийн талаар шүгэл үлээж, цахим орчинд их идэвхтэй байдаг. Гэвч таныг хэн нэгний захиалгаар ажилладаг гэх хардлага олон нийтийн дунд байдаг нь нууц биш. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Би хуульч хүн. Үндсэн мэргэжил маань олон улсын эрх зүйч. Манай аавыг Ж.Болдбаатар гэдэг. Үндсэн харьяалал маань МУИС-ийн Олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн судлаач. АНУ-ын “ПэннСтэйт” хуулийн сургуульд зочин эрдэмтэн. Би улс төрчдийн бараг бүгдийнх нь хүн болж таарч байх шиг байна. Өмнө нь хамт ажилласан хүмүүс бол яах вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга Ерөнхийлөгчийнх, сонгуулийн үеэр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүн гээд янз бүрээр ярьдаг. Харин өчигдрөөс хэдэн тролл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэж цоллож байна лээ. Миний хамгийн их шүүмжилсэн хүн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Одоо троллууд намайг хэний хүн гэж цоллохоо мэдэхгүй, бүр төөрчхөж. Иргэд юмыг ялгаж салгаж ойлгодог болсон. Тэгээд ч над шиг энгийн нэгэн багш хүн хэнд яаж цоллуулах нь сонин биш. Харин манай 20 настнууд энэ улсыг цаашид хөдөлгөх нь гэдэг л сонин байна. Хууль зөрчсөн хэнийг ч, юуг нь ч хэлэхэд бэлэн залуу үе гарч ирж байна. Популизмын эрин үе төгсөх шат руугаа дөхөж байна. Энэ бол сайны дохио.