Төв талбайд уржигдар өрнөсөн жагсаал, үймээнтэй зэрэгцэн 16.00 цагт эхэлж, 13 цаг гаруйн хугацаанд хаалттай үргэлжлэн шөнө дунд дууссан МАН-ын VI Бага хурлаар АН-ыг хамтарсан Зас-гийн газрын бүрэлдэхүүнээс хасахаар шийджээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Энэ удаагийн хурлаар хамтарсан Засгийн газарт улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоолыг батал-лаа. Уг тогтоолоор Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдвэр гаргасан. МАН-ын анхан, дунд шатны намын гишүүдийн санал, шүүмжлэл, Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг удаа дараа зөрчсөн нэр бүхий гишүүдийн үйлдэл зэргийг харгалзан олонхоороо ингэж үзсэн. Намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг хамтарсан Засгийн газарт багтсан намуудад албан ёсоор танилцуулна. Мөн гэрээнд заасны дагуу МАН-ын Бодлогын зөвлөлд танилцуулах юм. АН болон ХҮН нам аль аль нь гэрээгээ зөрчсөн ч АН-ынх илүү гэж үзсэн” хэмээн мэдэгдэв. Эрх баригч намын VI Бага хуралд оролцсон гишүүдийн 61 хувь нь засагт АН-тай хамтрахыг дэмжихгүй гэсэн санал өгснөөр дээрх шийдвэрт хүрчээ. Ингэснээр хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-аас багтсан найман сайд албан тушаалаасаа буух бололтой. Харин ХҮН намын сайд нарыг хэрхэх, УИХ-д суудалтай ИЗНН, Үндэсний эвсэлд боломж олгох, эсэх асуудал тодорхойгүй, олон таамаглал дагуулсаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар унавал хариуцлагаа хүлээж, огцорно гэж мэдэгдсэн” гэх мэдээлэл хэд хоногийн өмнөөс тархсан. Харин өчигдөр шинэ Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүдийн томилгоотой холбоотой элдэв таамаг хөврөхтэй зэрэгцэн “Ерөнхий сайд өнөөдөр огцрох өргөдлөө өгөхөөр болжээ” гэсэн албан бус мэдээлэл ч эрчтэй түгэв. Сонин буух мөчид буюу өчигдөр 18.00 цагт “Л.Оюун-Эрдэнэ сайд АН, ХҮН намын дарга нартай уулзаж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан байлаа. АН-ын дарга Л.Гантөмөр үүнээс өмнө “Хамтарсан засаг задарвал би намын даргаар үлдэхгүй, хариуцл ага хүлээнэ” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Н.Мишээл