Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан үйлчилгээ эрхлэгчдэд зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатайгаар зээл өгөх гэнэ. Үүний үр дүнд салбарын зах зээлийн багтаамж нэмэгдэн, үйлчилгээний чанарын стандарт сайжирч, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болно гэж тооцжээ. Улмаар Монголын соёлын өвийг дэлхийд таниулах, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, валютын орох урсгалыг өсгөх нөхцөл бүрдэнэ гэв. Аж ахуйн нэгж, байгууллагуудад бага хүүтэй, урт хугацаатай нийт хоёр их наяд төгрөгийн зээлийг 2028 он хүртэл олгох юм байна. Үүнийг дагаад 2030 он гэхэд жуулчдын тоо одоогийнхоос 623 мянгаар нэмэгдэн, хоёр саяд хүрч, тэрбум орчим ам.долларын валютын орлого олно гэж таамаглажээ.
М.Гэгээ