Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны эцэст байгуулахаар ажиллаж буй тухай өмнө нь мэдээлж байв. Мөн 2024-2027 онд бэлтгэл ажлыг ханган, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2061-2070 онд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэж байлаа.
Францын тал цөмийн реакторууддаа ашиглах түүхий эдийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж буй ч улс төрийн саад бэрхшээлээс шалтгаалан 1.6 тэрбум ам.долларын энэхүү хэлцэл хойшлох эрсдэлтэй тулгарсан талаар bloomberg.com уламжлав. Нэрээ нууцлахыг хүссэн хоёр эх сурвалжийн өгүүлснээр улсын стратегийн нөөцүүдийг хамгаалахтай холбоотой маргаанаас үүдэн дээрх хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх хугацаа Монголд ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн дараа болж хойшилж магадгүй аж. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр хэлэлцээнд Монголын талаас ахлан оролцож байсан төлөөлөл солигдсон нь эл явцад мөн нөлөөлсөн гэнэ.
Уг гэрээг байгуулах хугацаа хойшлохтой холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд “Bloomberg”-т ямар нэгэн тайлбар өгөөгүй аж. Харин “Орано” группийн зүгээс “Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байгаа. Монгол Улсын Засгийн газар гэрээг хамгийн ойрын, боломжтой хугацаанд эцэслэхийг зорьж байгаа” гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-дөнгөрсөн аравдугаар сард төрийн айлчлал хийсэн. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано” группийн ерөнхий захирал, Монголын талаас “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурсан билээ.