Сангийн яамнаас компаниудыг гурван нөхцөлөөр ХАР ЖАГСААЛТАД оруулж, тендерээс хасахаа мэдэгдлээ. Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл дараах хуульд үндэслэн гаргадаг ажээ.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд
- Тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн бол
- Тендер авсан ч сүүлийн гурван жилд гэрээний үүргээ биелүүлээгүй, эсвэл ноцтой зөрчсөнийг хууль хяналтын байгууллага тогтоосон бол
- Сүүлийн гурван жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоосон бол ТЕНДЕР-т оролцох эрхийг хязгаарлана хэмээн заажээ.
Сангийн яамнаас тендерт оролцсон компаниудад үйл ажиллагаанд нэгбүрчлэн аудит хийсний үндсэн дээр нэр бүхий компаниудыг хар жагсаалтад оруулснаа онцолсон билээ. Аравдугаар сард Сангийн яамнаас 145 компанийн тендертэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна.