БНСУ-ын Чунчон хотод зохион байгуулсан Парисын олимпын эрхийн оноо олгох “Gangwon Chuncheon-2023” тэмцээнд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад 60 орны тулаанчтай өрсөлдөв. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Х.Темирбек нар аваргалж, Б.Шинэбаяр хүрэл медаль хүртлээ. Х.Темирбек 2022 онд тус улсын Жэжү, өнгөрсөн сард Австралийн Брисбэнд болсон пара таеквондогийн нээлттэй тэмцээнээс алтан медальтай ирж байв. Дээрх тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон “Арслан” клубийн таеквондочдоос Д.Энхтэмүүлэн, О.Мөнхзул, Ц.Камал, Г.Өнө-Энх нар түрүүлж, олимпын эрхийн оноогоо ахиулжээ.
Таеквондотой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Казахстаны Астанад болж буй олон улсын таеквондогийн 22 дахь удаагийн ДАШТ-д оролцсон манай эмэгтэйчүүдээс эхний өдөр III даны түль төрөлд (техник дасгал) С.Будхүү мөнгө, Б.Оюунжаргал хүрэл медаль хүртлээ. IV даны туль төрөлд өрсөлдсөн тулаанчдаас Я.Энхзул II, V даныхад Ц.Дэлгэрцэцэг III байр эзлэв. Эрэгтэйчүүдээс VI даны техник төрөлд Б.Мөнх-Оргил хүрэл медаль зүүсэн юм. Хоёр дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүд багаараа тулийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн буухиаг үргэлжлүүллээ. Насанд хүрэгчдийн ангилалд найман тамирчин тулалдсанаас 85 кг-ын жинд Ө.Тэмүүлэн Грек, Энэтхэг, хойд хөршийн тамирчныг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно. Тус тэмцээний үеэр Олон улсын болон Азийн таеквондогийн холбоо 28 дугаар их хурлаа хийж, удирдлагын бүтэц, тэмцээний дүрмийн өөрчлөлт, шинээр гишүүн холбоодыг элсүүлэх, ирэх жил Ази тивийн АШТ, 2025 онд ДАШТ-ий эрх олгох зэрэг асуудал хэлэлцсэн байна.