Монголчууд цөөхүүлээ. Нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд, мөн тооны хүн халамжаар амьдардаг. Харин үлдсэн 30 гаруйхан хувь нь л махийтал хөдөлмөрлөж, эцэг, эхийн¬хээ тэтгэврийг, өвчтэй зовлонтой хүмүүсийн эм, тариаг татвараараа залгуулж ирсэн. Гэвч жил ирэх тусам “ажилчин анги”-ийнхны олсон хэдэн төгрөгийг төр засаг нь ил, далд хэлбэрээр хумсалж хулгайлсаар тартагт нь тулгаж, залуус ч ажиллаж, амьдрах хүсэлгүй боллоо. Яах вэ, та минь ээ.
Төр засаг иргэдийн цэвэр орлого, худалдан авалт, төлбөр тооцооноос ил болон далд хэлбэрээр татвар хуримтлуулдаг. Жишээ нь, 1.8 сая төгрөгийн цалин (дунджаар тооцов)-тай Дорж татварт хэчнээн төгрөг төлж буйг доорх хүснэгтэд үзүүллээ.
Манайд өдгөө татвар, хураамжгүй үйлчилгээ, худалдан авалт гэж байхаа больсон. Төр иргэдийнхээ халаасыг хүссэн үедээ “сэгсэрч”, буй бүхнийг нь хуу хамж байна. Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хүн амын орлогын албан татвар (ХХОАТ)-ын 10 хувийг багасгах тухай ярьж байхад цаана нь та, биднийг далд татвар өдөр хоногоор “шимэгчилж” буйг мэддэг үү.
Цалингаас шууд суутгадаг НДШ (11.5), ХАОАТ (10)-ын 21.5 хувь бол зүгээр л “триллер” аж. Үүн дээр ажил олгогчийн төлдөг 12.5-14.5 хувийн шимтгэлийг нэмбэл татварын дарамт 24-26 хувьд хүрээд буй. Энэ бол ажилчин, эзэд хоёрын сар бүрийн цалингаас улсад төлж буй татвар, суутгал.
Гэхдээ манай төр үүнийг угаас татвар ч гэж үздэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувь нь эрүүл мэнд, тэтгэврийн даатгалд буюу ирээдүйд хэрэглэх мөнгөө хуримтлуулж байна гэж иргэдэд итгүүлдэг. ХХОАТ-ыг бол угаас төлөх нь үнэн гээд хуульчилчихсан. Иргэд, олон нийт ч шууд суутгаж буй татварыг хуулийн дагуу төлсөөр ирсэн. Харин үүн дээр нэмэгддэг шууд бус буюу далд хэлбэрийн татварын төрөл олширч, төр улайм цайм хулгай хийдэг болсонд л иргэд бухимдаад буй юм. Амьжиргаа, аж ахуй, үйлчилгээ, бизнес нь үрэн таран болж байхад арга ч үгүй биз.
Татвар төлөгчид орлогоосоо заавал суутгах нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-аас гадна худалдан авалт хийх бүрдээ НӨАТ төлж буй. Мөн хадгаламжийн хүүгийн орлогын 10 хувийн татвар, үл хөдлөх хөрөнгийн 0.6-2 хувийн хураамж, газар эзэмшиж, ашигласны төлбөр, авто замын ашиглалт, тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн албан татвар бий. Түүнчлэн та, бидний өөрсдөө ч мэддэггүй excise tax буюу акцизын татварт шатахуун, автомашин худалдан авахдаа төлдөг хураамж багтана. Архи, согтууруулах ундаа, тамхи ч үүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, иргэд цалингийнхаа 21.5 хувийг суутгалд, түүнтэй ижил хэмжээний төлбөр, хураамжийг сар бүр далд хэлбэрээр төлж буйг шинжээчид хэлсэн. Зарим сард буюу үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд, банкны хадгаламжийн хугацаагаа сунгасан бол төрд төлөх татвар татаас цалингийн орлогын 50-60 хувьд хүрэх нь ч бий гэнэ. Харин үүнийг иргэд төдийлөн мэддэггүй, тооцож ч үздэггүй аж.
Тэгвэл хадгаламжийн хүүгийн орлогоос авдаг татварыг шударга бус гэдгийг энэ төрлийн татаасаа тэглэсэн улс орнуудын жишээ харуулдаг. Харин Монгол Улс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиараа банкны хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн албан татвар суутгаж авдаг. Эл татварыг банк хүү олгох үед шууд суутган төвлөрүүлж, татварын дараах орлогыг тухайн иргэний данс руу шилжүүлдэг юм.
Иргэн Б.Цоож ипотекийн зээлд хамрагдахаас зайлсхийдэг. Учир нь тэр орон сууцын зээлийг хоёр “нугалж” төлөхийг хүсдэггүй болохоор өдөр, шөнөгүй ажиллаж олсон хэдэн төгрөгөө банканд хадгалж, байр худалдан авахаар шийдэж. Гэтэл түүний энэ их урам зориг нь өдгөө үгүй болжээ. Шалтгааныг нь лавлатал хадгаламжийн хүүгийн орлогын татвараас үүдэлтэй гэв. Тэрбээр “Өнгөрсөн сард миний хадгаламжийн хугацаа дуусаж, зарлага гаргаж, сунгахаар банкны салбарт хандсан юм. Гэтэл хүүгийн орлогоос 385 856 мянган төгрөгийн татвар авчээ. 300 мянга байтугай гурван мянган төгрөг ч надад чухал байхад ингэж шударга бус хандаж болохгүй. Би эх орондоо хөдөлмөрлөж, хууль ёсны татвар, хураамжуудаа төлсөөр ирсэн. Татвар төлсний дараах мөнгөө банканд хадгалуулж байгаа. Өөрөөр хэлбэл, үлдсэн мөнгөө гэсэн үг. Гэтэл цалингаас суутгасан ХХОАТ-ыг хадгаламжийн хүүгээс яагаад дахин авч байгаа юм бэ. Энэ бол улаан цагаандаа гарсан луйвар шүү дээ. Энэ улсад ганцхан би ч хадгаламжтай биш. Хүүхдүүдийнхээ мөнгийг хадгалж, түүнийгээ сургалтын төлбөр, сургалт дамжаанд нь зарцуулдаг хүн олон. Тогтмол эмчилгээ хийлгэдэг хүмүүс хүртэл хадгаламжаасаа татвар төлж байна. Ядарсан иргэдээ ингэж “шулж мөлжиж” болохгүй. Үнэхээр татвар авах шаардлагатай бол хувь хэмжээг нь бууруулах, төдөн төгрөгөөс дээш үнийн дүнд ийм хэмжээний татвар ногдуулна гэдэг ч юм уу, уян хатан болгох хэрэгтэй” гэсэн юм.
Бүх оронд хадгаламжийн хүүгээс татвар авдаг уу гэвэл үгүй. Дэлхийд өдгөө 20 орчим улс ХХОАТ-гүй учраас хадгаламжийн хүүгийн татвар ногдуулдаггүй. Тухайлбал, үүнд Арабын Эмират, Бахрейн, Катар, Кувейт, Саудын Араб, Бермуд, Кайманы, Виржиний арлуудын улс орнууд, Сомали, Сахара зэрэг хамаарна. Хадгаламжийн хүүгийн татвар ногдуулдаг улс орнуудад хувь хэмжээ нь харилцан адилгүй ч ихэвчлэн таван хувьтай байна. Харин монголчууд олсон орлогоосоо зохих татаасаа төлчхөөд татвар, хураамжид давхар дарлуулсаар. Ядуу улс оронтой учраас хадгалсан мөнгөнөөсөө хүртэл татвар төлж, ачааг нь үүрэлцдэг гэсэн үг.
Эдийн засагчид хадгаламжийн хүүгийн 10, үл хөдлөх худалдан борлуулсны хоёр хувийн татварыг дээрэм гэж үзэж буй. Бизнес хийсэн ч, ажилласан ч энэ улсад ХХОАТ-аас зайлсхийх аргагүй. Бүх татвар хураамжаа төлж, үл хөдлөхтэй болчхоод түүнийг зарж борлуулах гэхээр дахиад татвар төл гэдэг. Хүснэгтэд харуулснаас гадна ногдол ашгийн 10 хувийн шууд суутгал, үнэт цаас, бондын хүүгийн татаас, бусад өрийн хэрэгслээс ирсэн хүүгийн орлогын татвар, шинжлэх ухаан, техник, лицензийн шимтгэл, лотто, мөрийтэй тоглоом, шагнал урамшууллын орлогын татвар, орон нутгийн болон улсын түвшний бусад хураамж, шимтгэлүүд, онгоцны буудал, төмөр замын тасалбарын үнэнд хүртэл нислэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах татвар, хураамж шингэсэн байдгийг бид мэддэггүй. Импортын барааны гаалийн татварыг ч худалдан авагчид л шууд бусаар төлсөөр байдаг. Өөрөөр хэлбэл, татвар шингэсэн үнээр бид худалдаа хийдэг.
Импортлогч орны зовлонг иргэд нь шатахуун авахдаа хүртэл үүрэлцэж байхад харин эрх баригчид торгоно, хорино, бооно хаана, татвар нэмнэ гэж “чичирсэн” хэвээрээ. Татварын хувь хэмжээг бууруулна гэхээс илүү үр өгөөжийг нь сайжруулах, хөнгөлөлт, урамшууллын ил тод, шударга тогтолцоог бий болгох шаардлагатай гэдгийг ч судлаачид хэлж буй.