Үзэсгэлэнт байгаль, дундад зууны үеийн хэрэм цайзууд бүхий тансаг орчин, соёлын олон янз байдал, санхүүгийн чадамж, амар тайван амьдрал зэрэг нь Монаког 2025 оны дэлхийн хамгийн бага стресстэй орноор шалгарахад нөлөөлжээ. CEOWORLD сэтгүүлээс дэлхийн хамгийн бага бухимдалтай буюу стрессгүй орнуудыг тодорхойлж, хувь хүмүүсийн санхүүгийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн тайлан гаргасан бөгөөд энэ жил тус улс 83.83 гэсэн үнэлгээгээр тэргүүлсэн байна.
Тус судалгаанд нийгмийн болон гэр бүлийн стресс, эрүүл мэнд ба аюулгүй байдлын, мөн ажлын, мөнгө санхүүтэй холбоотой бухимдал гэсэн дөрвөн ангиллын хүрээнд 197 улс, бүс нутгийг хамруулжээ. Амьдралын чанар сайтай Лихтенштейн, Люксембург, Швейцар, Ирланд, Норвег зэрэг орон эл жагсаалтыг удаалсан бол Монгол Улс 106 дугаарт жагсаж, “дунджаас доогуур” буюу иргэдийн стрессийн түвшин өндөр гэж дүгнэгдсэн байна. Манай орны хувьд нийт судалгаанд оролцогчдын гуравны нэгээс илүү хувь нь “бүхий л орчинд маш их стресс мэдэрдэг” хэмээн хариулжээ.
Стресс нь хүний амьдарч буй орчны нөхцөл байдлаас хамааран янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Хөгжиж буй зарим оронд энэ нь зэвсэгт мөргөлдөөний аюултай холбоотой байх бол хөгжингүй болон хөгжилтэй эдийн засагтай улсуудад ажлын ачааллаас үүдэлтэй стресс элбэг байдаг аж.
Л.Ням