Өдөр бүр олон хүн ямар нэгэн байдлаар цахим залиланд өртөж, санхүүгээрээ хохирч байна. Сүүлийн үед телеграмм дээр “даалгавар биелүүлээд мөнгө нь үржигдэж данс руу нь орно” гэх цахим залилан эрс нэмэгджээ. Гэхдээ өсгөсөн мөнгөө авахын тулд даалгавар биелүүлэх буюу нэмж мөнгө төлж мөнгөө авна гэх байдлаар бусдын мөнгийг залилдаг байна.
Он гараад нэг сарын хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгийн хохиролтой, 230 гаруй цахим залиланд өртсөн дуудлага мэдээллийг хүлээж авч, 163 иргэний 746 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан гэх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Мөн телеграмм залилангийн их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон хохирогч нь 195.8 сая төгрөгийг 39 удаагийн үйлдлээр гэмт этгээдийн зориудаар бэлтгэсэн найман төрлийн данс руу шилжүүлж хохирсон тохиолдол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт бүртгэгдсэн байна.
Цахим орчинд залилан хийж бусдыг хохироож байгаа залилагч нарын сүүлийн үеийн арга барил нь монголчуудын шуналтай зан дээр дөрөөлж, бусдыг залилах нь ийнхүү ихэссэж буйг дээрх тоон баримтаас анзаарч харж болно. Тодорхой хэлбэл, таны 2 сая төгрөгийг 4 сая төгрөг болгож өгий та энэ даалгаврыг биелүүлж, мөнгөө өсгөж авах боломжтой гэхчлэн иргэдийн амархан, хялбар аргаар мөнгөө өсгөж авах гэсэн шунал дээр үндэслэн дээрх залилангууд үйлдэгдэж байна гэж үзэж болно.
Хүмүүст хэрхэн итгэл төрүүлж байна гэхээр “таны мөнгө ийм болж өслөө” гэх зураг, бичлэгийг хуурамчаар үйлдээд илгээчихдэг. Үүнд итгэсэн хүмүүс миний мөнгө өслөө гэх итгэл төрж, олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгөө алдах тохиолдол ийнхүү гаарч байна.
Бусдаас залилж авсан мөнгөө өөр өөр хүмүүсийн олон банкны данс ашиглаж, мөнгөний вальютыг өөрчлөөд, бэлэн мөнгө болгон авах эсвэл олон данс руу шилжүүлж хормын төдийд ор мөргүй болгож залилдаг. Гэтэл хохирогч мөнгөө өсөж дансанд орж ирэхийг хүлээх хооронд цахим залилангийн гэмт хэрэг аль хэдийн үйлдэгдэж, өнгөрсөн хойно хохирогч болсноо мэдэх тохиолдол элбэг.
Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэдэг шиг дэлгэцийн цаана хэн ч байж болох учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ цахим залилангаас хамгаалж, аливаад анхаарал болгоомжтой хандаж сурцгаая.