Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Балжидмаа, Г.Чинзориг нар энэ удаа оролцох боломжгүй, өөр шүүхэд хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн аж. Үүнийг үндэслэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд энэ сарын 30-ны 08.30 цаг хүртэл хойшлуулав. Мөн өмгөөлөгч С.Болорчулуун шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргасан. Харин улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Г.Онон “Шүүхийн тухай хуульд нээлттэй явуулахаар заасан хурал тул мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар хэлэлцэх үед хааж, бусдыг нь нээлттэй хийх саналтай байна” гэдгээ илэрхийлэв.
2021 онд шинэчлэн найруулж, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хуулийн 12.2.2-т “шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу дүрсний бичлэгээр хүргэх”, 12.7.2-т “авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй, ил тод байх”-аар заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн нууц болон өсвөр насны хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор, хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах үед л хаалттай байхаар заасан атал өмгөөлөгч С.Болорчулууны хүсэлтээр бүхэлд нь хаалттай явуулах нь хууль зөрчих юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүн уг асуудлыг шийдвэрлэлгүй дараагийн хурлаар хэлэлцэхээр болжээ.
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж авсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, ЭМДЕГын мэргэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хү¬ ний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Уг мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн хэмээн буруутгагдаад байгаа юм.