- 13A маягтыг ирэх сараас цахим болгоно-
Эрүүл мэндийн салбар өнгөрсөн долоо хоногт донсолгоотой байлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр салбарын сайд Т.Мөнхсайхан эрхэм гишүүн Ж.Чинбүрэнгийн шүүмжлэлийн хариуд “Холбогдох байгууллагад өгч шалгуулаарай” гэснийхээ дараахан Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүг гэнэт ажлаас нь халав. Энэхүү гэнэтийн шийдвэрийн шалтгаан нь эмийн татвар гэж 500 сая төгрөг шаарддаг байсантай холбоотой гэх боловч одоогоор Т.Мөнхсайхан сайд үүнд хариу тайлбар хийгээгүй байна. Ж.Чинбүрэн гишүүний эгдүүцэн шүүмжилснээр өнгөрсөн онд эмийн сонсгол хийх үеэр ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг нь хэлэлцэж байсан, “Монгол фарм” компанийн үүсгэн байгуулагч Л.Намхайноровыг эдүгээ ЭМЯ-ны Эмийн бодлогын газрын даргаар томилсон, эмийн компанитай шууд гэрээ байгуулсан байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг 2022 оноос хойш шинэчлэн батлаагүй мөртлөө тухайн эмүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдаж эхэлсэн нь хэд хэдэн хуулийг зөрчиж буй аж. Энэ мэтчилэн тус салбарт “хулгай” хийх орон зайг хуулиар хаасаар байтал зөрчил дутагдлууд даамжирсаар байгааг шүүмжилсэн нь яах аргагүй анхаарал татсан асуудал мөн. Харин сайд Т.Мөнхсайхан “Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш судалж, тухайн үйлдвэрүүдтэй харилцаж байгаад арваннэгдүгээр сараас эм оруулж эхэлсэн. Одоогоор 28 дахь эмээ импортолж байна. Хамгийн сүүлд хавдрын үед хэрэглэдэг таван төрлийн эмийг оруулж ирсэн. Үүнийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн. Энэ нь өмнөх, гаж нөлөө ихтэй эмээс ч хямд үнээр худалдаж буй нь хэрэглэгчдэд хүртээмжтэй байгаа юм. Гэтэл одоо яагаад энэ тухай яриад байгааг ойлгохгүй байна” гэсэн юм. Үүний дараа тэрбээр Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүг ажлаас нь халсан бөгөөд харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь сайд Т.Мөнхсайханыг прокурорын байгууллагаар шалгуулах, гэнэт халагдсан Н.Эрдэнэхүү эмч шүүхэд хандахаар болсон тухай мэдээллүүд хөвөрсөн.
Өнгөрсөн баасан гарагт хуралдсан нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэд ерөнхийлөгч Б.Рагчааг нэр дэвшүүлэхээр УИХ-д санал болгосныг хэлэлцэж баталсан. Сонирхолтой нь, тус зөвлөлд нэр дэвшигчийг мэдлэг, мэргэшил, ёс зүй, ур чадвар, туршлагын талаар хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг томилсон. Нэр дэвшигчийн ирүүлсэн мэдээлэл, ганцаар¬чилсан ярилцлага хийсний дүнд мэргэжлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн шаардлага хангасан гэж дүгнээд нэр дэвшүүлжээ. Гэвч учир шалтгааныг нь хэн ч сонирхоогүй бөгөөд харин эрүүл мэндийн даатгалыг орон нутгийн эмнэлгийн байгууллагууд болон нийт даатгуулагчид хүртэхгүй байгааг голлон хэлэлцсэн юм.
Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг захиран зарцуулах төдийгүй хадгалж хамгаалах асуудал тус салбарын үе үеийн сайд нарын чихийг халууцуулсаар ирсэн. Хаана, хэрхэн байршуулснаас шалтгаалан арилжааны банкуудад алдчихаад шүүхийн шийдвэрээр олж авч байсан удаатай. Үүний цаана эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал хүндэрч, даатгуулагчид хохирдог. Хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршлуулахыг хориглон, зөвхөн Төрийн санд байршуулахаар болсны үр дүнд дээрх нөхцөл байдал сайжирсан бололтой.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тайлбарлаж буйгаар Эрүүл мэндийн даатгалын сан хоосроогүй, дампуураагүй гэнэ. Энэ оны төсөвт санг 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгаснаас эхний улиралд 700 орчим тэрбум төгрөг олгогджээ. Одоогоор тус санд 1.6 орчим их наяд төгрөг байгаа гэв. Түүнчлэн “Ковид-19”-ын өвчний үед их хэмжээний санхүүжилт гаргаснаас шалтгаалан тус сан хүнд нөхцөлд орсон нь үнэн. Эмнэлгүүдэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй байсныг саяхан төлж барагдуулсан. Улсын хэмжээнд бүх сумын эмнэлгийн санхүүжилтийг энэ онд нэмсэн. Гэхдээ зарим төрлийн буюу гүйцэтгэлээр нь олгодог санхүүжилт багассан. Жишээ нь, сумын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагагүй хэвтэн эмчлүүлэгчдийн зардалд их хэмжээний санхүүжилт олгодог боловч нэн хэрэгцээтэй буюу тархи, зүрхний шигдээс зэрэг өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээнд олгох санхүүжилт оны эцэст хүрэлцдэггүй. Энэ байдлыг засаж залруулахын төлөө ажиллаж байна” гэв. Мөн даатгалын үр дүнгийн тухайд нэг жишээ дурдахад, 2020 онд даатгуулагч хоёр сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тусламж, үйлчилгээнд даатгалаа ашиглах боломжгүй байсан бол тогтолцоог өөрчилснөөр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах эмчилгээг таван сая төгрөг төлөөд авч чаддаг болсон хэмээн тайлбарласан юм. Түүнчлэн 13A маягтыг байхгүй болгосноор иргэд анхан шатны эмнэлгүүдээр бус, нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлэн, ачааллыг эрс нэмэгдүүлсэн байдлыг гишүүд шүүмжилсэн. Салбарын сайд “13A маягтыг цахим болгон сэргээж, мэдээллийг нэгтгэх ажлыг ирэх зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр үзлэг, оношилгооны бүрэн дата үүсэж, эмч нар өвчтөнүүдийн оношийн мэдээллийг харж аль эмнэлэгт эмчлүүлэхийг шийдвэрлэж, цаг товлох боломж бүрдэж, ачаалал, хүнд суртал буурна” гэв.
У.Оргилмаа