Ардчиллын үед амьдарч байгаагүй өнөөгийн залуус бидэнд ардчиллын тухай нүдээрээ үзсэн зүйл нэг ч үгүй. Картын бараанд оочирлосон, мөнгө үнэгүйдсэн түүхээс л сонсоход ардчилал хичнээн хүнд эхэлсэн нь ойлгомжтой . Нэг дүрэм журамд нийтээрээ захирагдсан социалист нийгэм нэг л өглөө алга болж, ардчиллын салхи тэр үеийн залуусыг амьдралын тэмцэлд уриалан дуудсан түүхэн цаг үе. Харин тэмцэхээс өөр замгүй гэдгээ ойлгосон тэр үеийн залуус бол бидний аав ээжүүд. Мэдээж бид өнгөрснөө эргүүлж харах боломжгүй. Харин номноос уншиж, киноноос л үзэх боломжтой. Тэр ч утгаараа сүүлийн үед 80-90-ээд оны түүхийг өгүүлсэн кинонууд цөөнгүй хийгдэх болж. Тухайлбал, “1990”, “37-р точка”, “Дурсаж яваарай” гэх мэт. Одоо бас “Зориг” нэртэй цоо шинэ, адал явдалт кино нээлтээ хийх гэж байгаа аж. Тус киноны талаар гол дүрийн жүжигчин О. Самданпүрэвтэй ярилцлаа.
-“Зориг” кино юуг өгүүлэхийг зорьсон бэ ?
-1980-1990 оны ардчиллын шилжилтийн үеийн түүхийг харуулна. Нэгэн хэвийн байсан амьдрал илүү чөлөөт нийгэм рүү шилжиж, хоёр нийгмийн зааг дээрх хүмүүсийн амьдралын хэв маяг, сэтгэлгээ хувьсан өөрчлөгдсөн түүхэн цаг үед хүмүүс , тэр дундаа дөнгөж сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж байгаа залуусын амьдралын төлөөх тэмцлийг өгүүлнэ.
-80-90-ээд оны бусад кинонуудаас “Зориг” кино юугаараа ялгаатай байна вэ ?
-Мэдээж олон ялгаа бий. Жишээ нь дээр дурдсан “Дурсаж яваарай” кинонд ардчиллын үед алга болсон номуудын тухай өгүүлдэг бол “Зориг” кино 80-90-ээд оны залуусын амьдралын уналт босолтын тухай харуулна. Социалист нийгэмд сурах сургууль, хийх ажил гээд бүх зүйл нь бэлэн хүмүүс 1990 оны ардчилал гараад хэрхэн өөрчлөгдөж байгааг тусгаснаараа онцлог юм.
-Киноны постер болон нэр их сонирхол татаж байна ?
-Постерийн хувьд киноны дүрүүд болон кинон дээр гарах үйл явцыг өгүүлнэ. Нэрний тухайд олон талын утгыг илэрхийлнэ. Магадгүй зориг гэхээр “Зориг” агсны тухай юм шиг хүмүүсийн санаанд бууж магадгүй. Гэхдээ тийм биш. Эр зоригийн тухай өгүүлнэ. Хүнээс ямар үед, ямар төрлийн зориг гарч болох уу , ямар нөхцөлд зоригтой алхам хийх ёстой вэ гэсэн санааг агуулсан.
-Киног бүтээхэд ямар ямар уран бүтээлчид оролцсон бэ ?
-Анх кино маань өнгөрсөн оны дөрвөн сараас яригдаж, найман сараас эхлэн зураг авалт нь Дарханд болсон. Киноны ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, жүжигчдийг хариуцсан найруулагчаар Н.Ялалт , продюсераар Д. Ангараг нар ажилласан.
-“Зориг” киноны дүрд сонгогдоод анх хэрхэн хүлээж авч байв ?
-Анх зохиолыг уншаад энэ дүр дээр тоглохыг их хүсч байсан. Сар гаруйн хугацаанд хоёроос гурван удаа дүрийн сонгон шалгаруулалтад орсон. Олон залуусаас шигшигдэж бага багаар шалгаруулалт өгсөөр, эхний шалгаруулалтаас сарын дараа тэнцсэн гэсэн хариу сонссон. Маш их баярлаж хүлээн авсан.
-“Зориг” киноны дүр, амьдрал дээрх дүртэй хэр ойр вэ ?
Энэхүү кинонд Бүрнээ гэх залуугийн дүр дээр ажилласан. Дүрийн хувьд арван жилийн хүүхдээсээ эхлээд л бүх зүйл нь цагаан цаасан дээр эхнээсээ бичигдээд явж байгаа тухай өгүүлнэ. Миний арван жилийн дүртэй их ойролцоо байсан.
-Киноныхоо дүрийн хувьд залууст хандаж юу гэж хэлмээр байна вэ ?
- Дүрийг бүтээхэд бодогдсон зүйл бол бидний заавал мэдэх ёстой зүйл юм шиг санагдаж байсан. Тухайн тэр 1980- 1990 оны үед бидний аав, ээж, ах, эгч маань хүнд хэцүү цаг үеийг хэрхэн туулаад ,амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсан тухай, дөнгөж сургуулиа төгсөх гэж байсан залуучуудын хувьд бэлэн зүйл нэг ч үгүй. Бүгдийг өөрсдийн хөдөлмөрөөр босгох, биеэ дааж сурах гээд залуучуудад маш чухал мессэжийг өгнө.
-“Зориг” кино хэзээ нээлтээ хийх вэ ?
-Энэ сарын 17-18 хооронд нээхээр яригдсан. Тодорхой шийдвэр гараагүй байна.