Баянзүрх дүүргийн нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний хойд талд байдаг дулааны худаг буюу олны нэрлэж заншсанаар траншейнд хоёр хүний амь нас хохирсон хэрэг хоёрдугаар сарын 12-нд гарсан талаар бид тухайн үед нь мэдээлсэн. Эл худагт амьдардаг, тодорхой оршин суух хаяггүй Э, Б нарыг хөнөөгөөд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор шатаасан байсан юм.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг гэх бүртгэлтэй ч мөн л траншейгаар хоног төөрүүлж, явдаг 28 настай Батцэнгэл гэгч хамтран амьдрагч 32 настай Э-гийнхаа хамт үйлдсэнийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хошууч Э.Октябрь даргатай Эрүүгийн, хошууч Ц.Наранхүү даргатай Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гарган, нарийн сайтар шалгаснаар шуурхай илрүүлсэн.
Сэжигтнүүд хоёр хүний амийг хохироочихоод цаашаа Хан-Уул дүүргийн нутаг, 120 мянгатын автобусны буудлын орчимд байдаг дулааны худагт очиж дахиад нэг эрийг хөнөөсөн байжээ. Хүний амь бүрэлгэсэн шалтгаанаа сэжигтэн Батцэнгэл “Гэр бүлийн хоёртой ялимгүй зүйлээс болоод л маргалдан хөнөөчихсөн. Энэ хэргийг хийснээ мэдээд байгаа юм. Цаашаа явж өөр хүний амийг бүрэлгэснийг маань эхнэр хэлсэн. 120 руу явснаа бүүр түүрхэн санаж байна. Сүүлийн хохирогчтой бас хувийн таарамжгүй харилцаатай байсан” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн гэнэ. Тэрбээр өмнө нь хулгайн хэрэг үйлдэн ял шийтгүүлж, суллагдаад удаагүй байсан нэгэн аж.
Цагдаагийнхан эхний хэрэг гарсны дараахан траншейнуудаар явж, шалгалт хийснээр уг хоёр этгээдийг олсон бөгөөд анхандаа гэм буруугаа хүлээхгүй байсан гэнэ. Гэвч сэжигтнүүдийн хувцаснаас хохирогчдын цус олдсон нь гарцаагүй нотлох баримт болжээ. Шалгалтын явцад дээрх цуврал аллагыг үйлдэхээсээ өмнө бас өөр хүний амь бүрэлгэсэн нь тогтоогджээ.
Прокурорын байгууллагын эх сурвалжийн хэлснээр Хан-Уул дүүргийн нутаг, Зайсан толгой орчимд хоёрдугаар сарын 12-ноос өмнө нэг эр бусдад хорлогдон амиа алдсан байж. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байтал дээрх хоёр цуврал хэрэг гарсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн илрүүлжээ.
Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байхад сэжигтэн Батцэнгэл Зайсан толгой орчимд хүн хөнөөснөө ярьсан аж. Талийгаач нь сэжигтэнтэй цуг явж гурван хүн егүүтгэхэд оролцсон Э-тай өмнө нь хамтран амьдарч байсан нэгэн юм байна.