С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09.30 цагаас эхэллээ. Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр, мөн дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан, Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар оролцож байна.
Дашрамд сануулахад, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Тухайн хэрэг гарах үед миний хүү 22 настай байсан. Яг тэр мөчид аавтайгаа хамт бухалдсан өвсөө хашаандаа татах гээд трактороор ачиж явсан. Үүнийг хажууд нь байсан би гэрчилнэ. Ер нь С.Зоригийг хөнөөх ямар шаардлага байгаа юм бэ. Тэглээ гээд бидэнд ямар "хэрэгтэй" юм бэ. Миний хүү ямар ч буруугүй. Мөн 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн "Ардын эрх" сонины дугаарт Д.Булганы мэдүүлэг гарсан байсан. Тус мэдүүлэгт "Эмэгтэй нь 165 см орчим өндөртэй, эрэгтэй нь 155 см-ийн өндөртэй хоёр хүн байсан гэж ярьсан байсан. Гэтэл миний хүү тухайн үед 180 гаруй см-н өндөртэй улаан царайтай туранхай өндөр хүү байсан. Анхны мэдүүлэгтэй нь огт таарахгүй байгаа юм. Эндээс шууд гүтгэлэг гэдэг нь харагдаж байна" хэмээж байсан.