Төрийн албаны нэр барьж, халамж, зээл тусламжид хамруулна хэмээн иргэдийг залилах явдал удаа дараа гарч байсан. Тийм нэг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч байсан Д.Сүглэгмааг цагдаагийнхан өнгөрсөн жил саатуулсан юм.
Тэрбээр өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгүүлж суллагдаад, ялтай байх хугацаандаа 194 иргэнийг залилжээ. 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23 хүртэл Улаанбаатар хотын таван дүүрэг, 16 аймгийн нэр бүхий дээрх тооны иргэдээс 111.855.850 төгрөг авсан аж. Ингэхдээ иргэдийн виза карт, гар утсыг ашигласан нь шалгалтаар тогтоогджээ.
“Банкны картаа орхичихож, дансаар чинь мөнгө авчихъя” гэх зэргээр иргэдийн виза карт болон гар утсаараа ашигладаг данс руу шилжүүлүүлж авдаг байсан гэнэ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Сүглэгмаад Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх түүнийг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр иргэдийг залилж, онц их хэмжээний мөнгийг нь авсан гэм буруутайд тооцож, 13 жил нэг сар чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.