Манай улсад жуулчны визээр 2001 онд орж ирээд “харласан” БНХАУ-ын иргэн Сэргэлэн гэгчийг өчигдөр шүүхийн шийдвэрээр баривчлан саатуулжээ. Өдгөө хууль сахиулах байгууллагынхан нарийвчилсан шалгалт хийж буй юм байна. Бидний авсан мэдээллээр Сэргэлэн гэгч урд хөршийн иргэн “харласан”-ыг өмнө нь цагдаагийнхан нэг бус удаа илрүүлж байсан ч хилээр гаргаагүй бололтой.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн үүнд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Тэрбээр Монголд “харлаад” тогтохгүй иргэний үнэмлэх гаргуулан амьдарч, манай нэг томоохон компанид удирдах алба хашиж байсан сурагтай.
“2012 онд ЭЦГ-ынхан манай улсад “харласан” 10-аад хятад иргэнийг илрүүлэн саатуулж, шалгаж байгаад албадан гаргахаар болсон. Тэдний дунд Сэргэлэн гэгч энэ эр байсан” гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлсэн юм. Тэрбээр манай улсын иргэнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон гэнэ.
Хууль сахиулах байгууллагынхан нарийвчилсан шалгалт хийснийхээ дараа албадан гаргах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх юм байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргасан гэнэ.