Баянзүрх дүүргийн нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний хойд талд байдаг дулааны худагт хоёр хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 12-ны үдэш гарчээ. Эл худагт амьдардаг, тодорхой оршин суух хаяггүй 40 настай Э гэдэг эмэгтэй, түүний нөхөр 48 настай Б нарыг хутгалж хөнөөгөөд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор шатаасан байсан гэнэ.
Гэмт этгээдүүд тэнд байсан даавуун эдлэлд гал тавиад зугтсан байжээ. Хоёр хүний амь насыг хохироох болсон шалтгаан нь ялимгүй зүйлээс үүдэлтэй маргаан байсан гэнэ. Уг хэргийг тус дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг бүртгэлтэй ч мөн л траншейгаар хоног төөрүүлж, явдаг 28 настай Б, эхнэр 32 настай Э-гийнхаа хамт үйлдсэн аж. Сэжигтнүүд хоёр хүний амийг хохироочихоод цаашаа Хан-Уул дүүргийн нутаг, 120 мянгатын автобусны буудлын орчимд байдаг дулааны худагт очиж дахиад нэг эрийг хөнөөсөн байжээ. Энэ цуврал хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийнхан шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдүүдийг баривчилсан аж.
Хүний амь бүрэлгэсэн шалтгаанаа сэжигтэн Б “Гэр бүлийн хоёртой ялимгүй зүйлээс болоод л маргалдан хөнөөчихсөн. Энэ хэргийг хийснээ мэдээд байгаа юм. Цаашаа явж өөр хүний амийг бүрэлгэснийг маань эхнэр хэлсэн. 120 руу явснаа бүүр түүрхэн санаж байна. Сүүлийн хохирогчтой бас хувийн таарамжгүй харилцаа байсан” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн гэнэ.
Тэрбээр өмнө нь хулгайн хэрэг үйлдэн ял шийтгүүлж, суллагдаад удаагүй байсан нэгэн аж.