Таны хүүхэд шүдний гажигтай юм биш биз? Хүүхдийн шүд бөөгнөрөх, энд тэндгүй, давхар ургах, эсвэл шаамий эрүү зэрэг шүдний гажиг заслыг төмөр брекетээр засч, эмчилдэг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ шүдний гажиг юунаас болж үүсдэг вэ? гэдгийг төдий л сайн мэддэггүй. Хүүхдийн шүдний гажиг заслыг эрт хийлгэвэл тун сайн бөгөөд эмчилгээ эрт байх тусмаа илүү үр дүнтэй байдаг.
-Гэхдээ хүүхдийн шүдэнд яагаад гажиг үүсдэг юм бол?
Олон улсад тав хүртэлх насны дөрвөн хүүхдийн гурав нь шүдний гажиг үүсэх нөхцөл бүрдсэн гэж судалгаанд дурдсан байдаг аж. Хүүхэд төрөлхийн шүдний гажигтай төрнө гэж байдаггүй. Энэ гажиг буруу зуршилтай 100 хувь холбоотой. Тодруулбал, хамар битүү явах, амаа ангайж унтах, буруу амьсгалах, хоол хүнсний буруу сонголт зэргээс гажиг үүсэх нөхцөл бүрдэнэ. Ялангуяа өвлийн цагт хүүхдүүд хамар нь битүүрснээс буруу буюу амаараа амьсгалах, шөнө амаа ангайж унтах зэргээс хэлний байршил буруу болж, улмаар шүд буруу, давхар ургах, аманд бутардаг үйлдвэрийн хүнс (чипс, хөөсөн чихэр, зэрэг) зажилж иддэггүй хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээс эрүүний булчин хөгждөггүй. Үүнээс болж шүд давхар ургах зэрэг анхан шатны бэрхшээлтэй тулгардаг.
-Хүүхдийн шүдний гажиг үүсч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-Хамгийн чухал нь хэлний байрлалыг анзаарах хэрэгтэй. Амаа ангайхад хэл унжуу байрлалтай байвал шүдний гажиг үүсэх нөхцөл бүрджээ гэсэн үг. Юуны өмнө мэргэжлийн эмчид хандаж, зөвөлгөө авах хэрэгтэй. Эрт байх тусмаа эмчилгээ хурдан, санхүүд ч хэмнэлттэй гэдгийг санахад илүүдэхгүй.
-Шүдний гажиг төрөлхийн гэж байдаг уу?
-Шүдний гажиг төрөлхийн гэж байдаггүй. Жишээ нь эцэг, эхийнх нь аль нэг нь шаамий эрүүтэй бол хүүхэд нь тийм болдог гэж үгүй. Харин буруу зуршлыг нь дагах магадлалтай.
-Буруу зуршлыг яаж болиулах вэ?
-Мэргэжлийн эмчид хандаж, тусгай зэмсэг хэрэглэнэ. Төмөр брекет зэрэг шүдний гажиг засдаг зэмсгүүд түүнийг бий болгосон буруу зуршлыг засдаггүй тул шүдний гажиг засагдсан ч хэсэг хугацааны дараа хуучин хэвэндээ орох зэрэг үр дүнгүй байх тохиолдол бий. Учир нь таны хүүхдийн буруу зуршлыг засаагүй тул үр дүн гардаггүй. Харин орчин үед буруу зуршлыг эрт засдаг, авагддаг зэмсэг их хэрэглэгдэх болсон билээ.