АНУ-ын хавдар судлалын төвөөс судалгааны дүнд 2030 он гэхэд хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн тоо Данийн хүн амтай ойролцоо буюу 5.5 саяд хүрнэ гэж анхаарууллаа. Энэ нь 2012 онд хийсэн судалгаатай харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн тоо аж. Ялангуяа хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь эмч, судлаачдын “шүдний өвчин” болоод буй. Өнгөрсөн мягмар гаригт Парис хотод болсон хорт хавдрын эсрэг конгресст хийсэн тайлангаар бага, дунд орлоготой иргэдийн дунд хорт хавдар тусах магадлал өндөр байгааг нотолсон. Тэр тусмаа тамхи татах, буруу хооллох зэрэг нь хорт хавдрын эхлэл болж буйг эмч нар анхааруулж байна. Судалгаагаар хөхний хорт хавдар тусах магадлал хамгийн бага орнуудын тоонд Канад, Австрали, Израиль, Бразилд 85 хувиас дээш байсан бол Өмнөд Африк, Монгол, Алжир, Энэтхэг зэрэг улсад хамгийн бага буюу 60 хувиас доош байна.
Хорт хавдрын улмаас нас барагчдын тоо ядуу буурай орнуудад түлхүү байгааг судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, Замбиб, Малави, Кени, Монгол, Шинэ Гвиней зэрэг улсад энэ үзүүлэлт өндөр байгаа аж.
2012 онд эмэгтэйчүүдийн нас баралтад зүрх судасны өвчин дээгүүр байр эзэлж байв. Үүний дараа хорт хавдар ордог байж. Бүсгүйчүүдийн амийг авч явдаг хорт хавдрын олон төрөл байдгаас хөхний хорт хавдар дээгүүр байр эзэлдэг. Харин БНХАУ, Хойд Солонгост уушигны хорт хавдар их бий. БНХАУ-ын нийт эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг бол эмэгтэйчүүдийн хоёр хувь нь л тамхичин. Тиймээс шинжээчид бусдын татсан тамхины хор уршигт нөлөөлж, хүүхнүүд нь уушигны хорт хавдраар өвчилж байна гэж үздэг. Харин Африкийн орнуудад умайн хүзүүний хорт хавдар их байгааг тэд онцолсон. Хэрвээ бэлгийн замын халдварт өвчин авч байсан бол эрүүл хүнээс тав дахин их хэмжээгээр умайн хүзүүний хорт хавдар тусах магадлалтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.