НҮБ-ын Хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайландаа “Охидод хангалттай хөрөнгө оруулалгүйгээр дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрэх боломжгүй” хэмээн улаанаар тэмдэглэжээ.
“Охидыг эсэн мэнд, эрүүл саруул өсөж торних, бүтээлч, бие даасан иргэн болоход саад учруулах нь тэдний эрхийг зөрчсөн үйлдэл. Цаашлаад нутаг нэгтэн, улс үндэстэнд хохиролтой. Өөрөөр хэлбэл, охидын эрхийг зөрчвөл тэд улс үндэстнийхээ нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж чаддаггүй. Бэлгийн бойжилт нь 10 наснаас эхэлдэг учир зарим оронд ийм насны охид хязгааргүй эрх ямба эдлэн, боловсрол эзэмшиж байдаг бол өөр газар охидыг бараа мэт худалдаж, хүчээр гэрлүүлэн, сургууль соёлгүй, насаар нь зарцалж байна” хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Бабатунде Осотимехин онцолсон юм.
Дэлхийн улсууд 2015 онд хөгжлийн шинэ зорилтууд баталж, 2030 он хүртэл эдийн засгаа хөгжүүлэхээр урт хугацааны 17 стратеги биелүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ 10 настай охидыг хөгжлөөс орхигдуулж буй саад тотгорыг арилгачихвал эдгээр зорилтдоо амжилттай хүрнэ гэж үзэж байна. “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланд дурдсан онцлох тоон мэдээллийг хүргэе.