Бөөрний үндсэн үүрэг нь шээс ялгаруулах бөгөөд шээс нь 100 орчим төрлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүдийг агуулсан байдаг. Тийм ч учраас шээсийг шинжилснээр тухайн хүний эрүүл мэндийн талаар нилээд мэдээлэл авч болох юм.
Шээсний ерөнхий шинжилгээний тусламжтайгаар онош тогтоон, өвчний явцыг тодорхойлж, эмчилгээний үр дүнг тооцдог. Мөн биеийн ерөнхий эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл өгдөг тул эмнэлэгт хэвтэх болон мэс засалд орохын өмнө заавал хийгддэг шинжилгээ юм. Шээсний ерөнхий шинжилгээнд өвчин эмгэгээс гадна хүний идэж, ууж буй зүйл, дасгал хөдөлгөөний байдал нөлөөлдөг бөгөөд дараах үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлдог. .
• Өнгө. Таны өдөрт хэрэглэдэг шингэний хэмжээ, хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг олон зүйл шээсний өнгөд нөлөөлдөг.
• Тунгалаг. Шээс нь хэвийн үедээ тунгалаг байдаг. Бактер, цус, үрийн шингэн, салс орсноос булингартай харагдаж болно.
• Үнэр. Шээс нь тийм ч хурц үнэргүй бөгөөд зарим өвчний үед үнэр нь өөрчлөгддөг.
• Хувийн жин. Энэ нь шээсэнд агуулагдах хуурай бодисын хэмжээг тодорхойлдог бөгөөд бөөр нь шээсэн дэх усны хэмжээг хэр тогтвортой барьж буйг илтгэнэ.
• pH. Шээс нь хэр хүчиллэг эсвэл шүлтлэг байгаа эсэхийг тодорхойлно.
• Уураг. Хэвийн үед шээсэнд уураг огт байхгүй буюу маш бага хэмжээгээр байдаг. Халуурах, хүнд дасгал хөдөлгөөн хийх, жирэмсэн байхад болон зарим өвчний үед уураг ихэснэ.
• Глюкоз. Хэвийн үед байхгүй буюу маш бага байдаг.
• Нитрит. Шээсний замын халдварын үед нянгийн нөлөөгөөр ихэснэ.
• Бичил харуурын дүгнэлт. Тусгай аргаар шээснээс түрхэц бэлтгэн микроскопт харж шинжилдэг арга юм.
o Улаан эс. Цусны улаан өнгийг бүрдүүлдэг эс бөгөөд хэвийн үед шээсэнд байдаггүй. Бөөрний үрэвсэл, шээсний замын гэмтлийн үед шээс цустай гарч болно. o Цагаан эс. Хэвийн үед шээсэнд цөөхөн тоогоор илэрч болох ба шээсний замын халдвар, үрэвслийн үед цагаан эс ихэснэ.
o Талст. Эрүүл хүний шээсэнд маш цөөн тоотой байна. Салст ихээр илрэх нь таны бодисын солилцоонд өөрчлөлт орсныг эсвэл бөөрний чулуу үүссэн байж болзошгүйг илтгэнэ.
o Нян, мөөгөнцөр, шимэгч. Хэвийн үед огт илэрдэггүй.
Шинжилгээ өгөхийн тулд хэрхэн бэлтгэх вэ?
Хэрэв та шэээсний шинжилгээ өгөх гэж байгаа дараах зүйлсийг анхаараарай.
• Бөөрөлзгөнө, хүрэн манжин, гишүүнэ зэрэг шээсний өнгөнд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.
• Ямар нэг эм хэрэглэж буй бол эмчдээ заавал хэлээрэй. Учир нь витамин В, феназопиридин, рифамбин зэрэг эм шээсний өнгийг өөрчилдөг. Мөн шээс хөөх эм, антибиотик болон өндөр тунгаар витамин С хэрэглэх нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг юм.
• Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хүнд дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэдгийг санаарай.
• Сарын тэмдэг ирэх гэж буй болон ирсэн, дөнгөж дуусаж байгаа бол эмчдээ дуулгах хэрэгтэй бөгөөд шинжилгээ өгөхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болох юм.
• Та сүүлийн 3 хоногт тодосгогчтой рентген шинжилгээ хийлгэсэн бол шинжилгээ өгөхийг түр азнах хэрэгтэй.
• Зарим лаборатори шээсний шинжилгээ өгөхөд зориулан тусгайлан ариутгаж бэлтгэсэн савыг үйлчлүүлэгчид өгдөг болсон нь сайшаалтай. Хэрэв зориулалтын сав хэрэглэх боломжгүй бол ямар нэг өнгөгүй тунгалаг шил бэлтгэх хэрэгтэй. Жимсний чанамал, компот зэргийн шилийг сайн цэвэрлээгүйгээс шинжилгээний дүнд нөлөөлдөг тул та заавал сав, таглааг сайтар угааж, халуун усанд буцалгаж ариутгаарай.