Тархины даралт гэдэг нь тархины судаснуудын агшилтын жигд бус байдал, тархи нугасны шингэний жигд бус тархалт,тархины хүчилтөрөгчийн дутмагшилт юм.
Хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутлын шалтгаантай тархины эмгэгшил нь тархины саажилт, оюуны хомсдол, хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийн тахир дутуу болох шалтгаанд томоохон байр суурь эзэлдэг эмгэг юм. Үүнийг манай эцэг эхчүүд тархины даралт гэдэг ч анагаах ухааны нэр томъёонд "гавлын дотоод даралт" гэж нэрлэдэг. Уг өвчнөөр өвчлөөд эмчилгээ хийлгэхдээ цаг алдаж хүндэрснээс хүүхдүүдийн 10 – 25 %-д нь ямар нэгэн үлдэц ажиглагддаг байна.Ялангуяа 0-2 насанд тархинд харвалт өгөх,улмаар саажилт,оюуны хомсдолтой болох гол шалтгаан болж байна.
Тархины даралт үүсэх шалтгаан.
Эхийн биеийн байдал тааруухан,жирэмсэн үедээ ханиад томуу халдварт өвчнөөр өвдөх,архаг хууч өвчтэй,цус багадалттай,стресстэй,эрдэс бодисын дутагдалтай ,архи тамхи хэрглэдэг ,жирэмсний хожуу үеийн хордлоготой байснаас хамааран ураг эхийн хэвлий дотроо хүчилтөрөгчийн дутагдалтай болсноос мөн төрөлтийн явцад хүндрэл учирч ураг дотроо бүтсэн, ургын буруу байрлал,эхэс эрт ховхорсон,умайн булчин чангаралтай байх,илүү,ба дутуу тээлт,ус эрт гарсан зэрэг олон шалтгаанаас болж хүүхэд тархины даралттай төрдөг.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Тархины даралттай хүүхэд ихэвчлэн уйланхай, цочимтгой, толгой нь дагз хэсгээрээ халдаг.Ялангуяа оройн цагаар их уйлдаг,хөлөрдөг.Уйлах үедээ арагшаа гэдийх,ээрэх,хэт их гулгих,хамар амны орчмоороо хөхрөх шинж ажиглагддаг.Мөн хүүхэд нойр хоолондоо муу байх, уйлагнах, хөдөлгөөн багатай сулбагар байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.Зулай нь чинэрч лугшиж мэдэгдэх нь элбэг.Хүзүүний булчин нь чангарснаас хүүхэд хүзүүгээ шөргөөх,үүнээсээ болоод дагзны орчмоор үс нь халцрах нь элбэг ажиглагддаг.Бас хүүхэд өвчлөмтгий ханиад амархан хүрч, шингэн алдана, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдагХүндэрсэн үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг. Мөн хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой байж болно
Яаж оношилдог вэ?
-Юуны түрүүнд хүүхдээ сайн ажиглаж дээрх шинж тэмдгүүд илэрч байвал харьяа дүүргийн хүүхдийн эмчдээ үзүүлж оношлуулж зөвлөгөө авах хэрэгтэй.Эмч тархины даралтаас гадна хүүхдийн чинь сэтгэхүй хөдөлгөөний хөгжлийн төвшинг тодорхойлж өгдөг. Түүнээс гадна хүүхдийн толгойны хэлбэр, зулайн, гавлын ясны хэлбэр байдлыг сайн ажиглах хэрэгтэй. Хүүхэд төрөхөд их, бага, хажуугийн гэсэн гурван зулай байдаг.
Хажуугийн зулай нь хүүхдийг төрөх үед битүүрдэг. Бага зулай нь 1-2 сарын дотор битүүрч их зулай нь хүүхдийн өсөлт хөгжлөөс шалтгаалж, 1-2 нас хүрсний дараа битүүрдэг.
Хэрэв шаардлагатай гэж үзээд эмч зөвлөвөл хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх,зулайн ЭХО-д харуулах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
Ямар эмчилгээ хийлгэх вэ.
Эмчилгээг хүүхдийн нас,өвчний байдалд тохируулан эмч сонгодог.
-Хүүхдийг гол нь агаарт сайн гаргах ёстой. Дулаан хувцаслан бага багаар олон удаа хүүхдээ гадаа гаргах ёстой.
-Тайвшруулах ,өвчин намдаах эмийн эмчилгээг эмчийн заавраар хийж болно.
-Мөн уламжлалтын мэргэжлийн эмчид хандан тархины даралт бууруулах зөөлөн бариа 7-10 хоног курсээр хийлгэх нь их үр дүнтэй байдаг.
-Хүйтэн жин тавихаас аль болох зайлсхийх ёстой.
-Үхрийн хөөрүүлээгүй,хөлдөөгөөгүй сүүгээр 7-10 хоног дагзанд нь ороолт хийж болно.
-Усанд сайн оруулах хэрэгтэй.
-Өрөөгөө сайн тогтмол агааржуулах
-Ханиад томуу хүрч хүндрэхээс сэргийлэх нь халуурч таталт өгөхөөс сэргийлнэ.
-Гол нь уйлуулахгүй тайван байлгах шаардлагатай.
-Амин дэм,эрдэс бодис,хүүхдэд тохирсон уусалт сайтай кальцийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
-Тохирсон шим тэжээлтэй олон төрлийн хоолоор бага багаар хооллох хэрэгтэй.
Тархины даралтыг эрт эмчилбэл үр дүн сайтай.Эцэг, эхийн арчилгаа ,ажиглалт чухал. Хүчилтөрөгчийн дутагдал хөнгөн, хүндэвтэр,хүнд гэж байдаг. Хүнд нь татах, саажих, тархинд усжилт үүсэх магадлал өндөртэй. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй.Түүнээс гадна хүүхэд чинь энэ өвчнөөр насан туршдаа шаналж болох юм гэдгийг байнга санаж сайн эмчлүүлээрэй.
Уламжлалт анагаахын их эмч,АУ магистр Н.Алтанхундага