Манай улс элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологит эмчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Ингэснээр бид хөгжиж буй орнуудаас дээрх технологиудыг нэвтрүүлсэн анхны улс болж чадсан юм.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд (2006 оноос бөөр, 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж буй) манай эмч нар 159 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглээд байна. Монголын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг 2011-2014 онд БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтраад, 18 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд түүнээс хойш өөрсдөө бие даан уг хагалгааг хийдэг болсон.
Дашрамд дурдахад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн саяхан 120 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Өдгөө тус эмнэлэгт 170 орчим хүн бөөрний архаг дутагдлын улмаас гемодиализ эмчилгээ хийлгэж буй аж. Цаашид элэг, бөөр солиулах олон хүн дугаарлаж буйг эмч нар хэлсэн юм.