ЭМЯ, БСШУСЯ болон Шинжлэх ухаан, технологийн сан “Элэгний хавдар, хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төсөл”-ийг гурван жил (2016-2018 он)-ийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд элэгний хавдар, хатууралтай 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийхээр төлөвлөөд буй. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Энэтхэг улсын JAVPEE эмнэлэг хамтран, дээрх мэс заслыг хийх юм. Тэгэхдээ бүртгүүлсэн хүмүүсээс тодорхой шалгуураар 20 хүнийг сонгох гэнэ. Одоогоор элгээ солиулах гэсэн 200 орчим хүн ХСҮТ-д хандаад буй аж.
Ирэх арванхоёрдугаар сард эхний хүнд хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч олон шалтгаанаас болоод хойшлоод буйг ХСҮТ-ийнхөн хэлэв. “Нэг хүний хагалгааны бодит өртөг 85 сая төгрөг болж буй. Одоогоор төсөв мөнгөний асуудлаас болоод хагалгаа хийх, эсэх нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Төсөлд шаардлагатай 400 сая төгрөгийн санхүүжилт орж ирээгүй.
Мөн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад ороогүй байна. Барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай, энэ сард багтаад ашиглалтад оруулах байх. Дараа нь хагалгааны бэлтгэл ажил яригдана. Тиймээс хагалгаагаа төдийд хийж эхэлнэ гэж хэлэх боломжгүй” гэсэн юм.
Жил бүр 2000 орчим хүн элэгний хорт хавдар тусаж, 200 орчим нь элгээ солиулах шаардлагатай байдаг аж. Эдгээр хүмүүсийг дэмжих зорилгоор “Элэг нэгт монголчууд” сан байгуулан, хандивын аян өрнүүлж буй ч шаардлагатай мөнгө төдийлөн цугларахгүй байгаа бололтой.