Та шөнө унтаж чадахгүй хөрвөөж, үүрээр цурам хийгээд л сэрдэг үү. Эрт унтаж амрахыг хүсэвч, таны бие зөрүүдэлсээр байна уу. Ажил амьдралын завгүй хэмнэлээсээ болоод шөнө дунд орондоо ордог уу. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг долоо хоногт тогтмол 2-3 удаа тохиолдож байгаа бол эмчид даруй хандах шаардлагатай. Учир нь нойр бол бидний чухал хэрэгцээ, эрүүл энх, урт удаан амьдруулдаг “шидтэн” юм.
Тэгвэл нойргүйдэл гэж чухам юу вэ. Олонх хүн нойргүйдлийг “Үхэлд хүргэх шалтгаан биш” гэж тоомжиргүй ханддаг бол мэргэжлийн эмч нар “Нойрсох хугацаа багасаж, нойр хүрэхгүй удах, сэрэх үйл ажиллагаа алдагддагтай холбоотой үүсдэг эмгэг” гэж тайлбарлаж байна. Дэлхий дахинд өдгөө гурван хүн тутмын нэг нь нойргүйдлийн уршгийг ямар нэг байдлаар хүртээд буй гэнэ. Энэ өвчин гурван хэлбэрээр илэрдэг аж.
1-2 өдөр үргэлжлэх нойргүйдэл буюу түр зуурынх. Ихэвчлэн гаднын нөлөөллөөс үүдэлтэй. Жишээ нь, ая тухгүй орчинд түр хугацаанд байх, ямар нэгэн үйл явдалд санаа зовох үед үүсдэг.
Хэдэн долоо хоног үргэлжилдэг, богино хугацааны нойргүйдэл. Ажлын ачааллаас болж амардаггүйгээс, эрүүл мэндийн шалтгаан, хайр дурлал бүтэлгүйтэх зэрэг нь үүнд нөлөөлдөг.
Удаан хугацаанд үргэлжилсэн архаг нойргүйдэл. Энэ нь ихэвчлэн хүүхэд, залуу наснаас эхлэлтэй. Мэдрэлийн тогтолцоог гэмтээж, дархлаа, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг тул мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Нойргүйдсэнээс хүний амьдралын хэмнэл алдагдаж, хэвийн амьдарч, ажиллах боломжгүй болдог аж. Тэр ч бүү хэл, ажлын бүтээмж 45 хувиар буурдаг гэнэ. Хоногт авах нойрны хэмжээ нь тухайн хүний эрхэлж буй ажил, физиологиос шалтгаалан харилцан адилгүй.
Жишээ нь, нярай, бага насны хүүхэд хоногт дунджаар 16, сургуулийн насных 10, насанд хүрэгчид 7-8 цаг унтах ёстой. Техник технологи өндөр хөгжиж, хүмүүс амьдралын буруу хэмнэлтэй болсон энэ цагт өдөрт хамгийн багадаа 9-10 цаг унтах шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ. Нойргүйдэл олон төрлийн хавдрын эх үүсвэр болохоос гадна аливаа өвчинд өртөмтгий болгодог.
Сайн унтаж байж л бид тархиа сэргээж, гар утас, компьютероос бидний биед хуримтлагдсан хорт бодис болон бухимдлаасаа бүрэн ангижирч чадна. Ингэхдээ 22.00-07.00 цагт унтаж амарвал тохиромжтой гэнэ. Яагаад гэвэл, 24.00-04.00 цагт стрессийн эсрэг даавар ялгарч, 22.00-24.00 цагт арьс нөхөн төлжиж, шинэчлэгддэг аж.
Хэрвээ та энэ үед “давсанд яваагүй” байвал байгалийн илгээсэн үнэгүй бэлгийг алдаж байна гэсэн үг. Шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг нь ийм учиртай байж.