Улсын гуравдугаар төв эмнэлэгт судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийх өндөр хүчин чадалтай ангиографийн аппарат 2013 онд суурилуулсан юм. Гурван жил тасралтгүй ажилласаар ачаалал нь хэтэрч, рентген хоолойных нь ашиглалтын хугацаа дууссан учир өнгөрсөн сарын 26-нд уг аппаратыг зогсоосон. Тэгвэл эмчилгээний өндөр үр дүнтэй энэхүү аппаратыг засахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
“AlluraXPER FD20/20 Biplan” загварын, ангиографийн аппарат дэлхийд 237, манайд ганц байгаа нь энэ. Өндөр хүчин чадал бүхий программ хангамжтай, 3D, хоёр рентген хоолойтой, тархи, зүрхний эмгэгийг судсан дотуур оношилж, эмчлэх тусгай тохиргоотой эл аппаратыг тус эмнэлэгт суурилуулснаас хойш манай улсын эрүүл мэндийн салбарт эмчилгээний олон арга, технологи нэвтэрчээ.
Тухайлбал, зүрхний шигдээс, тархины харвалтын үед цээж, гавлын ясыг нээлгүйгээр судсан дотуур мэс засал хийдэг болсон. Мөн зүрхний хэм алдагдах үеийн эмчилгээ хийж, пейсмекер суурилуулан, тархины судас, хавдрыг ангиографийн тусламжтайгаар оношилж, эмчилж байна. 2013-2015 онд тархинд цус харвасан 3000, зүрхний шигдээс болсон 4500 хүнийг тус аппаратын ачаар эмчилжээ.