Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Хими эмчилгээний тасгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна.
Төлөвлөгөөний дагуу тасгууд сар болгон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн болон амбулаториор үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг билээ.
Энэ дагуу тус төвийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав, ахлах сувилагч Б.Бадамдолгор тэргүүтэй эмч, сувилагч нарын баг “Хэрэглэгчдэд ээлтэй тусламж, үйлчилгээ” сэдвийн дор нээлтэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж буй юм.
Хоёр цагийн хугацаанд үргэлжлэх энэхүү өдөрлөгийн хүрээнд даралт үзэх, сахарын хэмжээг тодорхойлох, жин хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа аж. Мөн хими эмчилгээ, түүний үр дүнгийн талаархи ерөнхий ойлголтоос гадна Сэтгэлзүйч, Хоол зүйч, Эм зүйч нарын сонирхолтой зөвлөмжийг ч үйлчлүүлэгч, иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.