Өвлийн улирал эхлэхэд томуу болон томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан, томуу өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар эхлээд байна. Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоног нь "Хепатитын В вирусийн халдвараас сэргийлье" уриан дор энэ сарын 03-ны өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Уг ажлын хүрээнд хепатитын В вирүсийн халдварт өртөх магадлалтай эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах болон онцгой байдлын бие бүрэлдэхүүн, албан хаагчид, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг дархлаажуулалтад хамруулаад байна.
Үүнээс гадна улаанбурхан, томуу өвчний дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМХ зэрэг байгууллагууд хамтран хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Нийслэл хотын 7 дүүрэг, төвийн бүсийн Дархан, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын 6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын тэг тунгаар дархлаажуулах
- Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаан бурхан улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах;
- 5 хүртэлх насны хүүхэд, эрүүл мэндийн ажилтнуудыг улирлын томуугийн вакцинаар сайн дураар дархлаажуулах;
- "А" амин дэмийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа явуулж, мэдээлэх ажлыг эрчимжүүлэх.
Өнгөрсөн жил улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан бага насны хүүхэд, 18-аас дээш насны залуучуудыг хамруулснаар дархлаажуулалтын хамралт 88.1-93.4 хувьд хүрч, өвчлөл буурсан байна. Тиймээс энэ жил дархлаажуулалтын 10 хоногийн ажлыг улам эрчимжүүлж дээрх ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа талаар ЭМЯ-ны ШУА-ны дарга Д.Нарангэрэл ярилаа.
НҮБХС-ын мэргэжилтэн Б.Сүрэнчимэг "Өнгөрсөн жил Улаанбурхан өвчний дэгдэлт их байсан. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан нь бага насны хүүхдүүдэд хийгдэх товлолын вакцины хангалтыг хийж, энэ удаагийн дархлаажуулалтын үндэсний өдрүүдэд 6-8 сартай хүүхдүүд хийгдэх улаанбурханы вакциныг үнэ төлбөргүй нийлүүлсэн байгаа. Тиймээс сонгогдсон аймаг, дүүргүүдийн эцэг эхчүүд хүүхдүүддээ маш их анхааран вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй гэдгийг уриалмаар байна" гэв.
Мөн түүнчлэн ХӨСҮТ 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 6 наснаас 35 хүртэлх насны хүмүүст Улаанбурхны өвчний дархлал тогтоцын түвшинг судлах судалгааны ажлыг эхлүүлэхээр болоод байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга В.Байгальтай цөөн хором ярилцлаа.
-Улаанбурхан өвчний дархлал тогтоцын түвшин тогтоох судалгаа ямар түвшинд явж байгаа вэ?
Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нийт хүн амын дунд дархлаа ямар байна вэ гэдэг судалгаа хийгдэж байгаа. Улсын хэмжээнд 21 аймаг, 7 дүүрэгт амьдарч байгаа 6-аас 35 хүртэлх насны хүмүүсийн дунд дархлал тогтоцын түвшний судалгааг хийнэ. 6030 өрхөөр явж, 4000 хүнээс судалгааг авна. Энэ судалгааг хийхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нэгдсэн улсын өвчний хяналтын төвүүдтэй хамтран ажиллаж байгаа.
-Санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа бэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа хийхтэй холбоотой санхүүжилтийг гаргасан байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түр хугацааны зөвлөхүүд ирж хамтран ажиллаж байгаа.
-Судалгааны гол үр дүн юу вэ?
Энэхүү дархлал тогтоцын түвшнийг судалсны үндсэн дээр цаашид ямар насны хүмүүсийг дархлаажуулах вэ, хэчнээн хүн энэхүү улаанбурхан өвчнөөс сэргийлэх дархлаатай байна вэ, дараагийн дархлаажуулалтыг хэзээ хийвэл тохиромжтой вэ зэрэг асуудлыг судалгаан дээр үндэслэн гаргаж ирнэ. Ингэснээр цаашид хийгдэх үйл ажиллагаанууд болон арга хэмжээний төлөвлөгөөг гаргахад чухал нөлөөтэй.