"Нийслэлийн Түргэн тусламжийн эмч нь төрөх гэж буй эмэгтэйг чимхэж, базсан" гэх мэдээллийн дагуу “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал, эмч, Өргөө амаржих газрын эмч нар мэдээлэл хийлээ.
НЯТТ-ийн дэд захирал С.Ариунболд: Тухайн өдөр болсон үйл явцыг танилцуулъя. Дуудлага 9 дүгээр сарын 27-ны 10 цаг 57 минут 55 секундэд орж ирсэн. Дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн ойр явж байгаа эмч, түргэний машинд дуудлагыг дамжуулсан. Ингэснээр дуудлагын эмч тухайн айлд 9 минутын дараа очсон байсан. Тодруулбал, дуудлагын хожимдол энэ үеэр гараагүй. Дуудлагаар очсоны дараа эмч эхийн биед 8 минут үзлэг хийсэн. Тусламж үйлчилгээний дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгээд эхийг түргэний машинаар тээвэрлэн авч явсан.
Үзлэгийн дараа 16 минутын дотор Өргөө амаржих газар дээр хүргэгдэж ирсэн. Тээвэрлэхдээ удирдамжийн дагуу эхэд сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. Эхийн биеийг чимхсэн, базсан явдал гараагүй. Манай үйл ажиллагааны журамд түргэн тусламжийн эмч нарыг хумс урт ургуулахыг зөвшөөрдөггүй. Мөн эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
“Өргөө” амаржих газрын эмч А.Ганчимэг: Тухайн өдөр би эхийг хүлээж авч, төрөлтийг удирдсан. Эх хүүхэд эсэн мэнд амаржсан. Болсон үйл явцыг танилцуулбал, эхийг хүлээн авсныхаа дараа яаралтай орон дээр гаргаж үзлэг хийхэд эхийн умайн хүзүү бүрэн нээгдэж, төрөх явц эхэлсэн байсан. Эх хүлээн авахаар насилктай орж ирснийхээ дараа өөрөө хөлөөрөө босож явсан. Тиймээс төрөх гээд толгой нь цухуйсан байсан гэдэг мэдээлэл худал юм. Орон дээр гаргах гээд хувцсыг нь тайлж эхлэхэд эх дүлж эхэлсэн. Хувцсыг нь тайлах явцад эхийн гуя орчмоор улайж, хөхөрсөн байдалтай байсан. Учрыг нь лавлахад 103 түргэний эмч чимхсэн гэхээс өөр юм хэлээгүй. Зарим эхчүүд өвдөлтөө даван туулахын тулд өөрийнхөө базаж чимхэх тохиолдлууд гардаг. Гэхдээ энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг юм.
НЯТТ-ийн дуудлагын эмч Г.Алтанчулуун: 9 сарын 27-ны өдөр тухайн дуудлагын дагуу миний бие тухайн айлд очиж эхийн биеийг үзсэн. Хаягийн дагуу яваад очиход эх шалан дээр өвдөглөж суугаад, хоёр өвдгөн дээрээ гараа тавьсан байдалтай байсан. Би үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үзээд, өвдөлт базалтын хугацааг тодорхойлоод эмнэлэг хүрч амжих юм байна гэсэн дүгнэлтэд хүрч насилкаар тээвэрлэн авч явсан. Ингэхдээ үйлчлүүлэгч маань машинд орон дээр сууж явахыг хүссэн. Харин би эхийн өөдөөс харж суугаад биеийн байдлыг нь хянаж, зүүн гараас нь түшиж, хажууд нь явж байсан охин нь баруун гараас нь түшиж авч явсан. Замдаа эх 4-5 удаа өвдөлт өгөхөд нь би “Гүнзгий амьсгаа ав, Тайван байгаарай” гэх мэтийн сэтгэл заслын эмчилгээ хийж, тайвшруулж авч явсан. Дараа нь Өргөө амаржих газрын хүлээлгийн эмчид хүлээлгэж өгөөд, тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн.
Харин цахим ертөнцөөр яваад байгаа эхийн биеийн булчинг суллах зорилгоор базаж, чимхсэн гэх явдал огт болоогүй.
Үүнийгээ удирдлагууд болон чанарын албаныханд бүх болсон үйл явцын хамт хэлсэн. Шүүх хяналтын байгууллагууд үнэн худлыг тогтоох байх гэж найдаж байна.
Намайг тэгэж гүтгэж байгаад нь гомдолтой байгаа хэдий ч эх хүүхэд эсэн мэнд амаржсан нь л надад хангалттай санагдаж байна.